Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Н.Уртнасанг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Н.Уртнасанг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй

-Н.УРТНАСАНГ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ЭРТНЭЭС ЯРИГДСАН-

Засгийн газрын өнөөдрийн /2021.09.08/ хуралдаанаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг албан тушаалаас нь чөлөөлнө гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, түүнийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тиймээс өргөдлийг нь хэлэлцэж шийдвэрлэнэ гэж байсан юм. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр уг асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхгүй гэв.

Цаашлаад уг асуудал яригдаагүй бөгөөд ойрын үед хэлэлцэх товгүй байгаа аж. Ер нь бол Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг албан тушаалаас нь чөлөөлнө гэх мэдээлэл аль эртнээс яригдаж эхэлсэн. Хуучирсан сэдэв.

Тодруулбал, УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын танхимын хоёр сайдаа “сугална” оронд нь Н.Энхбаяртай тохирсоны дагуу МАХН-ын  залуусыг томилно гэх мэдээлэл өнгөрсөн зургадугаар сараас гарсан. Тэр бүү хэл Н.Уртнасанг чөлөөлж МАХН-ын дэд дарга асан Б.Тулгыг томилохоор тохирсон гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж буй. Энэ ч үнэний ортой бөгөөд өнөөдөр биш ч маргааш Н.Уртнасанг чөлөөлөх магадлал өндөр байгаа юм.

Учир нь МАХН-тай хийсэн тохироо бий. Үүнд Л.Оюун-Эрдэнэ шахагдаж байгаагийн дээр Засгийн газраа авч үлдэхийн тулд цөөн хэдэн сайдыг чөлөөлөхөөс өөр аргагүй. Ингэж хэл ам хийгчдэд албан тушаал өгч асуудлыг дарах, гал намжаах төлөвлөгөө Л.Оюун-Эрдэнэд байгаа нь тодорхой байгаа юм.

Н.Уртнасангаас гадна Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх зэргийг чөлөөлөх эсвэл сэлгүүлэн томилж МАХН-ын нөхдүүдийг шингээж магадгүй гэж буй. УИХ-ын намрын чуулганаар Цахим бодлогын яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэмж байгуулах асуудлыг хэлэлцэнэ. Тэгэхээр Засгийн газрыг одоогийн танхимд ажиллаж буй сайд нараа шинэ яамдад албан тушаал өгөх зэргээр сэлгүүлэх ажил хийгдэж буй талаар МАН дотор яригдаж байгаа.

Ямартай ч энэ талаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Дахин, дахин хэлэх хэрэг гардаг юм байна. Хариуцлагатай ажил хийж буй хүний хувьд зөвхөн бодлого шийдвэр, ажил л ярина. Хүний тухай болон бусад сэдвээр ярихгүй. Ажлаа л сайн хийцгээе. Чин сэтгэл, хичээл зүтгэлийг үнэлэх өдөр ирнэ. Бурууд бууж өгөхгүй. Даваад гарна” гэж хариу бичсэн байв.

Дашрамд дуулгахад, Н.Энхбаярт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны газрын даргын албан тушаалыг санал болгосон ч тэрбээр голсон. Тиймээс түүнийг Шадар сайдаар томилж магадгүй гэх мэдээлэл яригдаж буй. Харин одоогийн Шадар сайд С.Амарсайханыг ЗГХЭГ-ын даргаар томилж Ц.Нямдоржийг өөр албан тушаалд томилно гэх хувилбар яригдаж байгаа билээ.