НЭР ДЭВШИГЧДИЙН ХОМ: Э.Батшугар 93 сая төгрөгийн орлогоор тэргүүлж байна

НЭР ДЭВШИГЧДИЙН ХОМ: Э.Батшугар 93 сая төгрөгийн орлогоор тэргүүлж байна

УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-ны өдөр /2021.10.10/ болно. Уг сонгуульд нэр дэвшигчид тодорсон бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг, АН-аас Э.Бат-Үүлийг, ХҮН-аас Б.Найдалааг нэр дэвшүүлэхээр болсон. Харин Хэнтий аймагт МАН-аас тус аймгийн одоогийн Засаг дарга Ц.Идэрбат, АН-аас Б.Гарамгайбаатар нарыг дэвшүүлэхээр тодруулсан бол ХҮН-ээс тус тойрогт хүн нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм.

Мөн эдгээрээс гадна Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, "Зөв хүн-Электорат" эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа аваад байгаа бөгөөд нэр дэвшигчдээ тодруулж дууссан юм. Бие даагчид ч нэр дэвшинэ. Энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулан өгснөөр сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.

Уг сонгуульд гол өрсөлдөгч МАН, АН-аас нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг уншигчдадаа танилцуулж байна.

  • МАН-аас УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нэр дэвшиж буй Ц.Идэрбатын жилийн орлого нь 22 сая бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 40 сая төгрөг аж. Нийтийн нэг орон сууцтай, нэг хашаа байшинтай, үйлчилгээний зориулалтаар ашигладаг хоёр обьект, нэг малын өвөлжөөтэй аж. Түүний дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлэмжийн хэмжээ нийтдээ 226 сая төгрөг болжээ. Тэрбээр мөн 24 саяар үнэлэгдэх Тоёото Лексус маркийн нэг машинтай, нийт 80 сая төгрөгийн үнэ бүхий хурдан удмын 20 адуутай, 30 үхэртэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн байна. Мөн 07 га нэг газар, өмчлөх хэлбэрийн 700 м2, 900 м2 тус, тус гурван газартай байна. Түүний газар нийт 24 сая төгрөгөөр үнэлэгдэх аж. 15 сая төгрөгийн хадгаламжтай, 58 сая төгрөгийн авлагатай, Хэнтий ТВ-ийн 56 хувийн эзэмшдэг байна.
  • Харин тус аймагт АН-аас нэр дэвших Б.Гарамгайбаатар 79 сая төгрөгийн орлоготой, нийтийн нэг орон сууцтай, 80 сая төгрөгөөр үнэлэгдэх өвөлжөөтэй, 0.7 га газар эзэмшдэг, 37 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. Түүний гэр бүлийн гишүүдийн орлого 27 сая төгрөг бол тэрбээр өөрөө Монроуд ХХК, Ар Пи Эм ХХК, Өнгөт хэвлэл Ар Пи Эм ХХК—д хувьцаа эзэмшдэг байна.
  • Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших Энхбаярын Батшугарын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцая.  Тэрбээр 93 сая төгрөгийн өөрийн орлоготой ба гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 611 сая байна. 100 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууц, 324 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл буюу мотоцикль, туулах чадвар өндөр нэг жийп, Ланд-200 машинтай, 87 сая төгрөгийн хадгаламжтай. Мөн хоёр тэрбум төгрөгийн зээлтэй аж. Малгүй, газаргүй үнэт эдлэлгүй гэж мэдүүлжээ. 15 компанид хувьцаа эзэмшдэг аж.
  • Харин тус дүүрэгт түүнтэй өрсөлдөх Э.Бат-Үүл нь 59 сая төгрөгийн жилийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 74 сая төгрөг бөгөөд нэг нийтийн орон сууцтай. 100 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг өвөлжөөтэй. 89 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр Volkdwagen Touareg-1, 10 саяар үнэлэгдэх 1 га газар эзэмшдэг, 10 сая төгрөгийн хадгаламжтай, “Сонор Рекордс” ХХ-д хувьцаа эзэмшдэг гэжээ.