Дорнод Монголын хээр талыг Дэлхийн өвд бүртгүүлнэ

Дорнод Монголын хээр талыг Дэлхийн өвд бүртгүүлнэ

Дорнод Монголын хээр талыг Дэлхийн өвд бүртгүүлэх урьдчилсан судалгааг Монголын шувуу хамгаалах төвийнхөн ХБНГУ-ын Михаил Зукков сангийнхантай хамтран тус улсын Байгаль орчны яамны санхүүжилт, ЮНЕСКО-гийн Үндэсний хорооны дэмжлэгтэйгээр эхлүүлжээ.

Энэ нь БОАЖЯ болон дээрх судалгааны төвийн хамтран эхлүүлсэн “Дорнод Монголын хээрийн урьдчилсан боломжит судалгаа” төслийн хүрээнд хийж буй ажил юм.

Дэлхийн өвийн конвенцын урьдчилсан жагсаалтад буй Дорнод Монголын хээрийн бүс нь цагаан зээр, Hялганат хээрийн “өлгий” нутаг. Тиймээс эл бүс нутаг уул уурхайн үйл ажиллагаанд хэр өртсөн, унаган төрхөө хадгалсан, эсэхийг найман сарын турш судлах аж. Хэрэв унаган төрхөө хадгалсан байвал Засгийн газрын түвшинд хамгаалж, Дэлхийн өвд бүртгүүлэх боломж бүрдэх юм байна.

Төслийн хүрээнд Дорнод Монголын хээр, Тосон Хулстайн, Яхь нуурын байгалийн нөөц газар зэрэг Улсын тусгай хамгаалалтад буй таван байршилд экосистемийн өнөөгийн нөхцөл байдлыг ч нарийвчлан судлах аж.