Ш.Адьшаагийн Капитал банкинд тавьж алдсан “Улаанбаатар Мед" эмнэлгийн барилгыг АШУИС авлагадаа авчээ

Ш.Адьшаагийн Капитал банкинд тавьж алдсан “Улаанбаатар Мед" эмнэлгийн барилгыг АШУИС авлагадаа авчээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн үүсгэн байгуулсан “Капитал” банкийг 2019 онд албадан татан буулгасан. Монгол банкнаас уг шийдвэрийг гаргаж буйг олон нийтэд зарласны дараа эрх хүлээн авагчийг томилон “Капитал” банкны харилцагчдын хохирлыг барагдуулах үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

"Капитал" банкны эрх хүлээн авагчийн зөвлөл нь анх 241 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл бүхий 6912 зээлийг хүлээн авснаас хойш 2020 оны зургадугаар сарын 30 өдрийн байдлаар 1081 зээлийн 194.9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болж, зээлийн тоо 323-аар, зээлийн өрийн үлдэгдэл 16.8 тэрбум төгрөгөөр тус тус буурсан гэж мэдэгдсэн. Үүнээс 4.2 тэрбум төгрөгийн зээлийг хөрөнгөөр төлүүлэн хөрөнгүүдийг өмчлөх бусад хөрөнгөд бүртгэж, худалдан борлуулахаар ажилласаар байгаа аж. Мөн 2020 оны эхний хагас жилд нийт 35 иргэн, аж ахуй нэгжийн 12.1 тэрбум төгрөгийн хадгаламж, харилцах дансны төлбөрийг барагдуулсан байна. 

Тус банкны дампууралтай хамт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 136.1 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 104.2 тэрбум төгрөг үгүй болсон. Ерөөс “Капитал” банкны дампуурлын шалтгаан, нөхцлийн талаар янз бүрийн мэдээлэл өнөөдрийг хүртэл хөвөрч ирсэн.

Гэхдээ албаны эх сурвалжууд мэдээлэхдээ нэр бүхий цөөн аж, ахуй нэгж, компаниуд их хэмжээний зээл авч чанаргүй зээлдэгч болсноор уг банк дампуурахад хүрсэн гэгддэг.

Түүнд нь томоохон барилга  байгууламж, обьектоо өндөр үнээр барьцаалан зээл авсан ч эцэст нь эргэн төлөлтийг хангалалттай хийж, гүйцэтгэж чадаагүй гэж буй.

Ганцхан жишээ хэлэхэд, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Улаанбаатар Мед” эмнэлгийн III хороололд дахь барилгаа барьцаалан “Капитал” банкнаас зээл авч байжээ.

Ингээд эргэн зээлээ төлж чадахгүйд хүрч өрөндөө эмнэлгийн барилгаа өгсөн гэх мэдээлэл байна. Одоогоор уг эмнэлэгт Анагаахын шинжлэх ухааны их сургууль /АШУИС/ салбар эмнэлгээ байгуулсан байна. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн хувьд Эрүүл мэндийн даатгалаас авлагатай байсан бөгөөд авлагадаа тус эмнэлгийн барилгыг авсан гэж эх сурвалж мэдээллээ.

Улаанбаатар мед

Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дэргэд Монгол-Японы хамтарсан салбар эмнэлгээс эхлээд хэд, хэдэн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг билээ. Ш.Адьшаа гишүүний хувьд “Улаанбаатар мед” эмнэлгийг 2015 онд анх ашиглалтад оруулж байв. Мөн л Монгол-Японы хамтарсан тус эмнэлэг бүхий л чиглэлээр оношилгоо, үйлчилгээ, эмчилгээг үзүүлж ирсний зэрэгцээ нурууны мэс засал, эмчилгээгээр дагнаж байв. Одоогоор “Улаанбаатар мед” эмнэлэг III хороолол дахь барилгаасаа нүүж Баянзүрх дүүрэг Токиогийн гудамжинд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.