Зургаан настнуудын бүртгэлийг 17.00 цагаас өмнө амжиж баталгаажуулна

Зургаан настнуудын бүртгэлийг 17.00 цагаас өмнө амжиж баталгаажуулна

Энэ хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх хүүхдийн цахим бүртгэлийг нэг хоногоор сунгааад байна. Цар тахалтай холбоотойгоор энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг иргэний бүртгэлийн систем дэх мэдээллийн санг ашиглан хамран сургах тойргийн сургуульд нь шууд хуваарилахаар зохицуулсан юм. Энэ хуваарилалтыг эцэг, эх баталгаажуулах шаардлагатай бөгөөд бүртгэлийг өнөөдөр 17.00 цагаас өмнө амжиж баталгаажуулахыг Боловсролын мэдээллийн технологийн төвөөс мэдээллээ.

“Нэгдүгээр ангид элсэгчдийг parent.edu.mn системд цахимаар бүртгэж байна. Тус цахимын үндсэн систем рүү ороход элсэлттэй холбоотой бүх мэдээлэл байгаа" гэдгийг Боловсролын мэдээллийн технологийн төвийн дарга Д.Үнэнбат хэллээ. Тэрээр, Хүүхдийн мэдээллийг шалгах, элсэлтийн бүртгэл явагдах, мөн хамрах бүх тойргийн мэдээлэл, холбоотой тушаалууд байгаа. Хүүхдийн хуваарилалтыг бид улсын бүртгэлээс системээр дамжуулаад мэдээллийг нь татаад сургуулиудад жагсаалт болгон гаргаж өгсөн. Энэ дагуу сургуулиуд бүртгэл баталгаажуулалтаа хянаж байгаа. Эцэг, эхчүүд тухайн сургуультай холбогдох юмуу тодруулах зүйл байвал утасны дугаар гэсэн хэсгээс бүх сургуулийн Элсэлтийн комиссын утасны дугаар руу нь залгаад шаардлагатай мэдээллээ авах боломжтой” гэв.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим бүртгэлийг баталгаажуулсны дараа сургуулиуд бүлэг хуваарилалтаа хийнэ. Тухайн сургуульд нэгдүгээр ангийн хэдэн бүлэг үүсэж, хэчнээн багш ажиллах, мөн нэгдүгээр ангид элссэн орох хүүхдийн тоог баталгаажуулалтаар тооцон гаргах юм. Үүнийг 8 дугаар сарын 28-наас өмнө хийж, шинэ сурагчдад мэдэгдэхээр төлөвлөжээ. Тиймээс өнөөдөр 17.00 цагаас өмнө амжиж хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулахыг анхаарууллаа.