Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Андлалын өргөө” цогцолбор гэх байгууламж Хэнтий аймгийн Батноров сумын Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт баригдаад буй. Тус цогцолборын нийт төсөв 5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн гэх бөгөөд улсын төсвөөс 2 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан гэдэг.
Харин анд бололцож буй биш тулалдаж буй мэт хоёр хүний хөшөө барилгыг Чингис хаан, хүлэг баатар Боорчи хоёрынх хэмээн ирсэн жуулчдад тайлбарлах нь даанч “нүүр улайм” хэмээн зарим иргэд шүүмжилдэг, шоглодог.
Тус хөшөө нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, барималч Д.Эрдэнэбилэг агсны бүтээл юм. Иймд түүний оюуны өмчийг янз бүрээр шоглож, шүүмжилж байгаад Д.Эрдэнэбилэг агсны гэр бүлд нь эмзэглэж, хөшөөг цааш нь үргэлжлүүлэн барих, оюуны өмчийг нь ашиглуулахгүй хэмээж, улсын төсөвт мөнгийг нь буцаан төлж, тус бүтээлийг Өвөрмонголд ашиглуулахаар болсон байгаа юм. Иймд Андлалын өргөө цогцолборыг өнөөдрөөс /2021.08.26/ буулгаж буй.
Уг хөшөөг барьсан "Хос санаа" ХХК-г хар жагсаалтад оруулан дахин тендер оролцох эрхийг нь хассан бөгөөд улсын төсвөөс авсан мөнгийг эргүүлэн төлүүлэхээр ажиллаж байгаа гэх. Мөн одоо уг газарт дахин бүтээн байгуулалтын ажил хийх эсэх зэрэг тодорхойгүй асуултууд их бий. Энэ бүх асуудлаар өнөөдөр /2021.08.26/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултад нээлттэй хариулах аж.
Хэвлэлийн бага хурал 15.00 цагт тус яамны байранд зарлагдлаа.