Өнгөрөгч 2020 оны зургаадугаар сарын 20-нд Нийслэлийн төв талбайд буюу "Хонхтой цэцэрлэгт хүрээлэн"-ийн газарт 3.2 тэрбумын өртөг бүхий хөгжимт усан оргилуурыг барьж ашиглалтад оруулсан. Уг усан оргилуурыг барихдаа цэцэрлэгт хүрээлэнгийн моддыг сугалж аван өөр газарт шилжүүлэн суулгасан байдаг.
Үүнийг иргэд олон нийт эсэргүүцэж хотын түүхийг агуулдаг цэцэрлэгт хүрээлэнг сүйтгэлээ гэж байсан билээ. Мөн цар тахлын хүнд нөхцөлд цамаан загнаж 3,2 тэрбумыг усан оргилуурт зарцууллаа гэж эсэргүүцсэн.
Харин тухайн үед Хотын даргаар ажиллаж байсан С.Амарсайхан иргэдийн эсэргүүцлийг үл тоон "Дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн шийдэл бүхий цэцэрлэгт хүрээлэн барина. Барьсны дараа үнэлэлт, дүгнэлтээ өгнө үү” гэж “тас гүрийж" барьсан.
Гэтэл тус усан оргилуур нь ашиглалтад орсноосоо хойш ажиллахгүй, хог шороо овоорсон хогийн сав байсаар өнөөдрийг хүрсэн билээ. Ус нь ч мөн сайн оргилдоггүй, зөөврийн ус ашигладаг гэх мэт яриа ч байдаг. Мөн тус ажилладаггүй усан оргилуурт засвар арчлалт нэрээр тэрбум төгрөг зарлагадаж урсгал засвар хийсэн гэх ч мэдээлэл бий. Тэгвэл уг усан оргилуурыг барих ажлыг гардсан тухайн үеийн Хотын дарга одоогийн Шадар сайд С.Амарсайхан уг асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "10 сая доллараар зарагдсан байсан Сүхбаатарын талбайн цэцэрлэгт хүрээлэнг хотод буцаан авч тохижуулсаныг ажилдаггүй, ус зөөдөг оргилуур гэх мэтээр ажиллуулахгүй харагдуулж эзэд нь буцаан авах гэж их л улайрч байна. Асуудлыг шийдэж, ажил хэрэг болгосны дараа арчилж тордоод аваад явах нь тухайн салбар,хот дүүргийн үүрэг хариуцлага. Айл гэрийн амьдралд ч мөн адил,хичнээн сайхан гэр орон байгаад эзний сэтгэл, өөриймсөг хандлага байхгүй бол улам л доройтож гал голомт нь сүйрдэг" гэжээ.
Түүний энэхүү мэдэгдэл нь одоогийн Хотын дарга Д.Сумъяабазарт хандсан уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Учир нь одоогийн Хотын удирдлагууд холбогдох албан тушаалтнууд тус усан оргилуурыг арчилж, тордоод ажиллуулах ёстой байтал ажиллуулсангүй гэж тэрбээр гомдоллож буй бололтой.