МАН-ын Бага хурал ирэх сарын 01-нд хуралдаж нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна

МАН-ын Бага хурал ирэх сарын 01-нд хуралдаж нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна

УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт ирэх аравдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулна. Учир нь тус тойргуудаас УИХ-д сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, Д.Сумъяабазар Хотын даргын албан тушаалд томилогдсон. 

УИХ-д суудалтай болон суудалгүй нийт есөн нам, нэг эвсэл тус сонгуульд оролцохоо илэрхийлж энэ сарын 08-ны өдөр /2021.08.08/ Сонгуулийн Ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүлсэн. Цаашлаад бие даагчид мөн хүсэлтээ хүргүүлсэн гэж буй. Харин МАН, АН тэргүүтэй намууд хуульд заасан хугацаанд буюу есдүгээр сарын 01-ны өдөр багтаан нэр дэвшигчдээ тодруулах ёстой.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын Бага хурал ирэх сарын есдүгээр сарын 01-ны өдөр хуралдаж нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах аж.

Харин АН болон ХҮН шийдвэр гаргах хурлаа хэзээ хийх нь одоогоор тодорхойгүй байна. МАН-ын намаас Хэнтий аймагт Н.Энхбаатар /У.Хүрэлсүхийн туслах асан/, Сонгинохайрхан дүүрэгт Ж.Сандагсүрэнг /Хотын орлогч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан/ нэр дэвшүүлэхээр тохирсон гэх мэдээлэл бий. Харин Ардчилсан намаас Ө.Шижир /ЕТГ-ын дарга асан/, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нарыг дэвшүүлэх магадлалтай гэх мэдээлэл байгаа юм.