Өнгөрсөн долдугаар сард Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулж шинэ даргыг томилсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баделханы худ н.Танатыг Цагдаагийн газрын даргаар, Онцгой байдлын газрын даргаар З.Азат гэх Т.Аубакир гишүүний хүргэнийг томилсон юм.
Дээрх хоёр залуу нь мэдлэг боловсрол, ажлын туршлагын дутмаг уг албан тушаалд тэнцэхээргүй боловч УИХ-ын гишүүний хамаатан, садан гэдгээрээ томилогдсон гэх яриа Баян-Өлгийд тухайн үед яригдсан.
-Ж.ЭНХБАЯРААР АХЛУУЛСАН ТАВАН ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАГ ХАЛХУУДЫГ ХАВЧИЖ, ШАХДАГ ЭСЭХ АСУУДЛЫГ ТОДРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА -
Тиймээс олон нийт дээрх томилгоог эсэргүүцэж цагдаа, онцгой, гааль, гадаадын иргэн харьяатын газар зэрэг төрийн тусгай чиг үүргийн босоо удирдлагатай байгууллагын удирдлагын томилгоонд улс төрчид нөлөөлж казах хүмүүсийг, тэр дундаа чадваргүй хамаатан садны залуусаа томиллоо гэх шүүмжлэлийг өрнүүлсэн.
Тэгвэл уг асуудлаар Баян-Өлгий аймагт амьдардаг Халх, Тува, Урианхай, Торгууд үндэстэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд /ҮАБЗ/ гомдол гаргажээ.
Гомдлын дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаярыгаа өчигдөр /2021.08.25/ Баян-Өлгий рүү явуулсан байна. Ж.Энхбаяр таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ахалж очоод төрийн бүхий л удирдах албан тушаалтнуудтай уулзсан байна. Тэрбээр төрийн байгууллагуудад ажиллаж нийт ажиллагсдын хэдэн хувь нь халх, хэдэн нь хувь казах болон бусад үндэстэн байгаа зэргийг судалж албан бичиг баримтаар тулгасан байна.
Мөн цагдаа, онцгой, гаалийн даргыг өчигдөр /2021.07.25/ өдөржин дагуулж гадуур ажилласан гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
Цаашлаад “Баян-Өлгийд халх хүнийг ялгаварлан гадуурхдаг уу. Ажил, албан тушаалын хавчлага үзүүлж, дарамталсан тохиолдол бий юу” гэх санал асуулгыг ч асууж байгаа гэх мэдээлэл байна. Ямартай ч тэрбээр уг асуудлаар дүгнэлт гаргахаар ажиллаж буй бөгөөд хэзээ наашлах нь тодорхойгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Т.Аубакирын хүргэн дүү З.Азат хэлний бэрхшээлийн улмаас ажлаа тайлагнаж чадахгүй, будилсан байж болзошгүй байна. Тус аймгийн Засаг дарга Д.Бауыржаны хувьд Ж.Энхбаяртай уулзан ажлаа тайлагнаад өнөөдөр /2021.08.26/ Улаанбаатар руу ирж байгаа аж.
-Х.БАДЕЛХАНЫ УРАГ ТӨРЛИЙНХӨН БҮХ ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДСОН ЭСЭХИЙГ Ч ШАЛГАЖ БАЙГАА АЖ –
Монгол Улсын Үндсэн хуульд, “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг.
Тодруулбал, манай улсын нийт хүн амын 84,5 хувийг Халх үндэстэн эзэлдэг бол үүний дараагаар Казах үндэстэн 3,9 хувийг эзэлдэг байна.
Тэгвэл Монгол улсын баруун хязгаар болох Баян-Өлгий аймагт өдгөө 110 мянга гаруй иргэн аж төрөн амьдарч байгаагаас Казах үндэстэн 75,5 хувийг эзэлдэг байна. Мөн тус бүс нутаг Казахстантай хил залгаа бөгөөд тус улсын иргэд Баян-Өлгий аймагт түр оршин суух тохиолдол цөөнгүй байдаг. Энэ нь тус улсын соёл болоод ёс заншил, бодлого Казах үндэстэнд бага багаар уусаж орж ирэх хандлагатай тул Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын үед Баян-Өлгийн аймгийн төрийн албан тушаалтнуудаар Халх хүн томилж, барилгын цэргийн анги байгуулж, Монгол улсын үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээний бодлогыг явуулж байсан гэдэг.
Тэгвэл тус бодлого Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үеэс тасарч байж болзошгүй байгаа нь дээрх томилгоонуудаас харагдаж буй юм.
Тус аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын ихэнхийг нь Казах иргэд эзэлдэг бөгөөд төрийн албаны шалгалтад тэнцэж, шаардлага хангасан Халх иргэдийг ажилд авдаггүй. Цаашлаад тэдэнд “цэргийн ангидаа очиж ажилла” гэж хэлдэг талаар ч эх сурвалжууд мэдээлдэг. Мөн аймгийн Боловсрол, соёлын газар, Эмнэлэг, Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамжийн газар гэх мэт бүхий л албан байгууллагад УИХ-ын гишүүн Х.Баделхан болон бусад улс төрчдийнх нь ах дүү, хамаатан садангууд томилогдсон гэх мэдээлэл бий.
Өнгөрсөн тавдугаар сард Хууль зүйн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан баруун гурван аймагт ажиллахдаа Баян-Өлгийд нэг өдөр өнжсөн.
Энэ үеэр Т.Аубакир гишүүн Х.Нямбаатарын дэргэд нэг ч халх хүн байлгахгүйгээр казахуудаа дагуулж гүйлгэсээр цагдаагийн даргын асуудлыг ярьж н.Танатыг дэмжүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл бий. Мөн энэ аргаар Онцгой байдлын газрын даргад хүргэн дүү З.Азатаа ч томилуулсан байж магадгүй байна. Бид өмнө Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд ах дүү хамаатан саднаа төрийн албан тушаалд хэрхэн томилсон ургийн модны тухай мэдээллийг баримтаар хүргэж байсан билээ. Энэ тухай мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.