ТАНИЛЦ: Хувийн ЕБС-ийн төлбөр 500 мянгаас 1 саяаар нэмэгдэж, 5 саяаас 81 сая төгрөгийн үнэтэй байна

ТАНИЛЦ: Хувийн ЕБС-ийн төлбөр 500 мянгаас 1 саяаар нэмэгдэж, 5 саяаас 81 сая төгрөгийн үнэтэй байна

Монгол улсад өнөөдрийн байдлаар Ерөнхий боловсролын төрийн бус өмчийн /хувийн/ 127 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр сургуульд 40 гаруй мянган суралцагч суралцдаг байна.

Жилээс жилд төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудын хүрэлцээ дутмагаас үүдэн нэг ангид 40-60 хүртэлх хүүхэд суралцах асуудал үүсдэг. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ илүү боловсон хүчин болгох гэсэн үүднээс хувийн сургуульд өгдөг нь нууц биш.

-ТӨЛБӨРӨӨ БҮРЭН ТӨЛӨХГҮЙ ТОХИОЛДОЛД СУРАЛЦАГЧИД НОМ, ФОРМ ЗЭРГИЙГ ОЛГОХГҮЙ ГЭЖЭЭ-

Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас бүх сургууль цахимаар хичээллэж эхэлсэн. Энэ нь нэг талдаа хувийн сургуулиудын суралцагч нарт ихээхэн хохиролтой байсан юм. Өмнөх жилийн хувьд танхимаар хичээллээгүй атал төлбөр нэмэгдсэн ба буцаан олгох тал дээр маргаан үүсэж эцэг эхчүүдийг нэлээдгүй бухимдуулсан. Харин энэ жилийн хувьд тус сургуулиуд төлбөрөө мөн адил нэмсэн төдийгүй төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд суралцагчийн формыг олгохгүй байх, зарим секц дугуйланд хамруулахгүй байх гэх мэт асуудал үүсээд байгаа бөгөөд мөн адил эцэг эхчүүд төлбөрөө бууруулах хүсэлтэй байгаа юм.

Иймд бид БШУЯ-аас гаргасан энэ жилийн 4/5 системд уялдан бүх сургуулиуд  анги танхим болон цахимаар холилдон орохоор болсны дагуу Ерөнхий боловсролын хувийн сургуулиудын төлбөр болоод танхим, цахимаар орж байгаа тохиолдолд төлбөрийн уян хатан байдлыг тус сургуулиудаас асууж бэлтгэснээ хүргэж байна.

  • Жаргалан кембрижийн олон улсын сургууль

Тус сургууль нь Англи, Австрали, Шинэ Зеланд, Швейцарь, Энэтхэг, Япон, Солонгос, АНУ-д 80-100 хувийн тэтгэлгээр суралцуулдаг ба сурагч солилцоогоор явуулдаг байна. Орчин үеийн стандартад нийцсэн үзүүлэлт бүхий компьютер бүхий мэдээлэл зүйн кабинеттай бөгөөд 4000 гаруй ном товхимолтой номын сантай гэдгээрээ онцлог аж. Харин төлбөрийн хувьд 2020 оны хувьд 3 сая 500 мянган төгрөг байсан бол энэ жил 4 сая 500 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Элсэлтийн албатай холбогдож яагаад нэмэгдсэн талаар болон цахимаар хичээллэх тохиолдолд төлбөрөө буцааж авах уян хатан байдлыг тодруулахад, “Секц дугуйлан нэмэгдсэн. Хөл хорио тогтоосон ч цахимаар хичээллэх тул төлбөр буцааж олгоно гэсэн юм байхгүй” гэсэн юм.

  • Шинэ монгол бүрэн дунд сургууль

Мөн тус сургуулийн хувьд төгсөгчдийн 30 хувь нь гадаадын шилдэг их, дээд сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцдаг бөгөөд сурагч бүр 2 төрлийн хичээл нэмж сонгон судалдаг. Дунд ангиасаа эхлэн  Япон хэл үздэг ба бүх суралцагчдын авьяасыг хөгжүүлэх зорилгоор бүх сурагчдыг дугуйлан секцэд хамрагдахыг шаарддаг байна. Мөн Монгол ёс заншлаа суралцахаас гадна Японы ёс заншил, тэдгээрийн онцлогийг сурагчдад таниулж өдөр тутам хэвшүүлэхэд анхаардаг давуу талтай гэжээ. Төлбөрийн хувьд өмнөх онд бага анги-4 сая 500, дунд-4 сая 600, ахлах-4 сая 700 байсан бол энэ жил Нэгдүгээр анги-4 сая 900,  2-5 дугаар анги-4 сая 500, Дунд анги 5 сая,  Ахлах 10 дугаар анги 5 сая 100 мянган төгрөг болж нэмэгдсэн байна.

  • Оюунлаг бүрэн дунд сургууль

Оюунлаг сургууль нь өмнөх жилийн хувьд төлбөр нь бүх анги 4 сая 980 мянган төгрөг байсан бөгөөд нэгдүгээр ангийн суудлын барьцаа гэж 1 сая 500 мянган төгрөг бүртгэлд хамрагдахдаа өгч элсдэг байна. Харин энэ жилийн хувьд 1-12 дугаар ангийн бүх төлбөр нь 6 сая 500 мянган төгрөг болж нэмэгджээ. Давуу тал онцлогийн хувьд математик, гадаад хэл, мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай. Сургалтдаа оюуны сошиал сайт болох “Амжилт 2.0” сургуулийн системийг нэвтрүүлснээр зайны сургалтад  дэвшилтэт технологитой. Мөн төгсөгчид ЭЕШ-д тогтмол дээгүүр байрт ордог бөгөөд дотоодын болон гадаадын их, дээд сургуульд 100 хувь элсэн суралцаж, тэтгэлэг авч чаддаг гэжээ.

  • Глобал олон улсын сургууль

Мөн бүх ангийн төлбөр нь 10 сая төгрөг бөгөөд Кембрижийн олон улсын бүрэн дунд боловсролын Cambridge Advanced (AS) хөтөлбөрийг үндэсний цөм хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлдэг. Гадаад орны ахлах сургуулиудтай хамтран ажиллах, уралдаан, тэмцээнд оролцох, “STUDY TOUR”  зохион байгуулах зэргээр харилцан суралцах боломжтой. “SAT, IELTS, TOFEL, HSK (хятад), NOR (япон)” шалгалтад бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлдэг онцлог аж.

  • Гёте бүрэн дунд сургууль

Гётё нь нэгдүгээр ангиасаа л Герман, Англи хэлний нэгийг сонгож хичээллүүлдэг ба дөрөвдүгээр ангиас хоёр хэлээр суралцах боломжтой байна. Англи хэл болон герман хэлний зуны вакуумжуулсан сургалтад тухайн улсад зуны амралтаараа хамрагдах боломжтой. Герман хэлний АI, AII, BI төвшний шалгалт өгч, гэрчилгээ авч төгсдөг ба мөн ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы Элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой гэжээ. Төлбөрийн хувьд 2020 онд Бага анги-5 сая 800, дунд -6 сая 300, ахлах-6 сая 800 мянган төгрөг байна.

  • Олонлог бүрэн дунд сургууль

Төлбөрийн хувьд бүх анги нь 8 сая 750 мянган төгрөг байсан бол энэ жил 9 сая 200 мянган төгрөг болж нэмэгджээ. Тус сургуулийн онцлог давуу тал нь математик, англи хэл, байгаль, хүмүүнлэгийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай. I-XII-р ангиудад математик, англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг өөрийн туршлага, мэргэжлийн багийн чадварт түшиглэн явуулдаг. Математик сэтгэлгээг хөгжүүлэх гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөртэй ба мөн гадаад хэлний дүрэм ярианы гүнзгийрүүлсэн түвшний хөтөлбөртэй аж.

  • Элит олон улсын дунд сургууль

Мөн өмнөх жилд бүх анги нь 11 сая 900 мянган төгрөг байсан бол энэ жил 12 сая төгрөг болж нэмэгдсэн байна. “UEIS”-д хамгийн өндөр чадавхтай болоход нь оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөр, багш, сургалтын орчин, орчныг бүрдүүлсэн. Мэргэшсэн, туршлагатай, өндөр чадвартай багш нарыг элсүүлэн авч үлдэх боломжтой.Академи, бүтээлч илэрхийлэлд анхаарлаа төвлөрүүлж, ижил төстэй хөтөлбөрүүдтэй сургуульд ороход дэмжлэг үзүүлэх өргөн хүрээтэй сургалтын хөтөлбөрийг бий болгосон гэжээ.

  • INTERNATIONAL SCHOOL OF ULAANBAATAR

Харин тус сургуулийн хувьд бусад сургуулиудаа бодвол харьцангуй өндөр төлбөртэй байдаг бөгөөд бүх хичээл нь англи хэлээр явагддаг юм. Сурагчдийн 60 хувь нь гадаад суралцагчид ба Монгол хүүхдүүд 150 ам.доллар төлж хүлээлгэд бүртгүүлж, сургуулийн хуримтлалын санд 4500 ам.доллар нэмж авдаг байна.

Харин төлбөрийн хувьд:  Бага анги- 22.100 ам.доллар буюу 62 сая төгрөг,  Дунд анги-26.900 ам.доллар буюу 76 сая төгрөг,  Ахлах анги-28.700 ам.доллар буюу 81 сая төгрөг байна.

  • Сант дунд сургууль

Бүх анги 7 сая төгрөг. Онцлог давуу талын хувьд Оксфордын англи хэлний хөтөлбөр болон АНУ-ын “AP” хөтөлбөрөөр сургалт явуулдаг ба гар утасны аппликейшн бүтээх хичээл үздэг. Эрүүл, тохилог, шаардлага нийцсэн сургалтын орчинтой аж.

  • Сакура дунд сургууль

Тус сургуулийн хувьд тэргүүлэх зэргийн багш, сурган хүмүүжүүлэгчтэй. Хэлний мэдлэгийн түвшингээр нь хичээллэдэг. Ерөнхий эрдмийг стандартаас дээгүүр эзэмшүүлдэг. 20 төрлийн төлбөргүй дугуйлантай аж. Төлбөрийн хувьд:

 Бага анги – 7сая 500 мянган төгрөг

Дунд анги – 8 сая 500 мянган төгрөг

Ахлах анги – 9 сая 500 мянган төгрөг

  • Орчлон дунд сургууль

Орчлон сургууль нь Олон улсын хөтөлбөртэй хосолсон /Cambridge / үндэсний боловсролын хөтөлбөртэй. Мэргэжлийн гадаад багш нартай. Үндэсний чадварлаг багш нар, тэднийг олон улсын сургалтанд бэлдэх Кембрижийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хоёр дахь гадаад хэл болох хятад хэл нь олон улсын хөтөлбөрийн зайлшгүй судлах хичээл ордог онцлог бүхий сургууль юм.

Өмнөх жилийн хувьд бүх анги 18 сая төгрөг байсан бол энэ жил бага анги 18 сая төгрөг, дунд анги 21 сая төгрөг, ахлах анги 23 сая төгрөг болж нэмэгджээ. Мөн энэ жил төлбөрөө бүрэн төлөөгүй хүүхдүүдэд ном хувцас худалдахгүй гэх зэрэг дарамтлах асуудал ирж байгаа талаар эцэг эхчүүд бидэнд мэдээлсэн юм.

  • THE ENGLISH SCHOOL OF MONGOLIA

Төлбөрийн хувьд бүх анги нь 11 сая төгрөг байгаа. Онцлог тал нь Английн үндэсний хөтөлбөрт суурилсан Кэмбрижийн болон IB /International Baccalaureate/ ОУ-ын Боловсролын хөтөлбөр, үндэсний хөтөлбөр хослуулан хичээллэдэг. 30 гаруй төрлийн секц дугуйлантай. Мэргэжлийн гадаад багш нар хичээл заадаг аж.

  • AMERICAN SCHOOL OF ULAANBAATAR

Тус сургууль нь АНУ-ын Ерөнхий боловсролын систем дээр үндэслэн хөтөлбөрөө явуулдаг “Wasc” байгууллагаас итгэмжлэгдсэн Олон улсын сургууль юм. Энэ жил өмнөх жилээ бодвол дахин нэг сая төгрөгөөр нэмсэн аж.

Бага анги /1-2 дугаар анги/: Монгол хүүхэд /18 сая төгрөг/, гадаад хүүхэд /23 сая төгрөг/

Ахлах анги /3-5 дугаар анги/: Монгол хүүхэд /20 сая төгрөг/, гадаад хүүхэд /26 сая төгрөг/

  • ХОББИ ДУНД СУРГУУЛЬ

Мөн бүх анги нь 8 сая 512 мянган төгрөг ба нэгдүгээр ангиасаа англи хэлний гүнзгийрүүлсэн хичээл үзэж, олон улсын IPC, IMYC, AP хөтөлбөрөөр хичээллэдэг давуу талтай гэжээ.