Энэ сарын 11-ны өдрийн /2021.08.11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгснийг шийдвэрлэж, түүний албан үүргээ гүйцэтгэх хугацаанд холбогдсон хэргийг АТГ-т шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэсэн.
Улс төрийн хүрээнд түүнийг холбогдсон хэрэг болон бусад асуудлаар шахагдсаны улмаас өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байгаа юм. Учир нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн БНСУ-ын Сөүл хотод жил бүр болдог “агаарын харилцааны хэлэлцээр”-т энэ жил /2021 он/-д Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд буух “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компаниудад мэдэгдэлгүй “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхийг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригдсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбогдуулж АТГ-аас энэ сарын 06-ны өдөр ЗТХЯ болон ИНЕГ-т нэгжлэг орсон байдаг.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч хавар салбарын сайд Л.Халтарт хандан “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч байж болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь их олон юм сонсогдоод байгаа шүү” гэж хэлж байсан билээ. Ийнхүү Л.Бямбасүрэнг ажлаас нь чөлөөлж оронд нь ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр тус газрын дэд дарга Б.Алтанцомыг томилсон юм.
-Т.БАТЖАРГАЛЫН ХУВЬД ИНЕГ-ЫН ХӨРӨНГӨӨР ӨӨРИЙН БОЛОН ХАМААТНЫ ХҮҮХДҮҮДЭЭ ГАДААДАД СУРГАЖ БАЙСАН ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДОЖ БАЙЖЭЭ-
Удахгүй тус газрын даргыг томилох бөгөөд өрсөлдөөн ширүүн байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, ИНЕГ-ын даргын албан тушаалд одоогийн түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцом болон Тамгын газрын Т.Батжаргал нарын 4-5 хүний нэр яригдаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг албан тушаалд амбицлах залуу олон байгаа ч дээрх хоёр хүний нэг нь томилогдох магадлал өндөр гэв.
Т.Батжаргалын хувьд МАН дахь Зүүний хүчний холбоог У.Хүрэлсүхтэй хамтран үүсгэн байгуулж байсан. Нийслэлийн МАН-ын хорооны хяналтын хорооны гишүүн, Хан-Уулын МАН-ын хороонд олон жил идэвхтэй “явсан” гэх улс төрийн хамааралтай нэгэн.
Тэрбээр ИНЕГ-ын Төрийн захиргааа, удирдлагын газрын дарга байхдаа өөрийн охид болон ах, дүүсийн хүүхдийг улсын төсвийн хагас тэрбум төгрөгөөр гадаадад сургасан гэх асуудалд нэр холбогдож байжээ. Харин Б.Алтанцомын хувьд 2017 оноос ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалыг хашиж, 2020 онд дэд даргаар ажиллаж эхэлжээ. Увсын фракцынхантай ойр бөгөөд мөн л гадны байгууллагаас ИНЕГ-т өгсөн Ланд -200 автомашиныг хувьдаа ашиглаж байсан, ах, дүү, эхнэр, хүүхдээ тус газарт ажиллуулдаг гэх мэт тодорхойлолттой нэгэн. Цаашлаад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн сайн найз гэх Л.Цэнгүүнжав, С.Мөнхнасан зэрэг одоо удирдлагын аппаратад ажиллаж буй хүмүүс идэвх гаргаж тус албан тушаалд амбицлаж буй бололтой.