Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр замын төсөл ОХУ оролцох нь нээлттэй

Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр замын төсөл ОХУ оролцох нь нээлттэй

Манай улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павловтой уулзсан уулзалтын протколыг нийтлэлч У.Оргилмаа саяхан олон нийтэд ил болгосон.

Тус протколд, ОХУ-ын тал “Богдхан төмөр замын төсөлд РЖДстрой, РазвИН зэрэг Монголд буй Оросын охин компаниудаа оруулмаар байна. Юун Япон, юун Америк вэ? Холболтын цэг өгөхгүй шүү! Мухар 170 км овоолсон шороогоо яахыг чинь харъя” гэсэн байдаг.

Уг асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс тодруулахад, "УБТЗ-ын бүрдэл хэсэг учир ОХУ-тай ярих учиртай. Энэ агуулгаараа бидний хувьд ОХУ-тай хэлцэл хийгээд явж байна. Тавантолгой 150-200 орчим сая долларыг гаргаад ажлыг хийнэ.  Эхлээд бид өөрсдийн хөрөнгөөрөө замаа тавьж байна. Явцад нь ОХУ талаас оролцоход нээлттэй. Баригдсаны дараа 50 хувиа худалдаж мөн болно" гэсэн юм. 

Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон юм. Мөн уг төслийг Зэвсэгт хүчний жанжин штаб, "Бодь" групп хамтран гүйцэтгэнэ. 

Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулан, Сэргэлэн сумд, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин, нийт 135,8 км үргэлжлэх юм. Төслийн нийт санхүүжилт 1.5 их наяд орчим аж.