2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд коронавирусийн дельта хувилбар иргэдийг түгшээх болсон.
Иймд зарим албан бус эх сурвалжууд, “Улсын онцгой комисс /УОК/ хуралдаж 2021 оны аравдугаар сарын 01-ны өдрийн 06:00 цагаас нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих нь зүйтэй гэж үзлээ. Онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм” гэсэн мэдээллийг олон нийтэд түгээх болсон. Энэхүү мэдээллийг зарим иргэд “дахин хөл хорио тогтоох нь” хэмээн хүлээн авч буй.
Харин бид Засгийн газрын албан эх сурвалжаас энэ талаар тодруулахад, “УОК аравдугаар сарын 01-ны өдрөөс эхлэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих талаар огт хуралдаагүй. Олон нийтийн сүлжээнд гараад байгаа мэдээ бол худал мэдээлэл. Товчхондоо, аравдугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хөл хорио тогтоох шийдвэр УОК болон Засгийн газраас гараагүй” гэсэн юм.