Эмч, цагдаагийн алба хаагчдыг “АстраЗенека вакцин”-ын нэмэлт нэг тунгаар дархлаажуулах ТУШААЛ гарчээ

Эмч, цагдаагийн алба хаагчдыг “АстраЗенека вакцин”-ын нэмэлт нэг тунгаар дархлаажуулах ТУШААЛ гарчээ

Коронавирусийн халдварын тохиолдол буурахгүй, цаашлаад тус вирусийн дельта хувилбар манай улсад бүртгэгдээд байна.

Иймд зарим иргэдийг коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар энэ сарын 16-ны өдрөөс эхлэн вакцинжуулах Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаал гарсан байна. Тодруулбал, тус тушаалд, “Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээний багт ажилладаг эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, алба хаагчдыг сайн дурын үндсэн дээр дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор АстраЗенека үйлдвэрийн “AZD1222” вакцины нэмэлт нэг тунгаар вакцинжуулах ажлыг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зохион байгуулсугай” гэжээ.

Мөн энэ талаар ЭМЯ-ны судалгаа шинжилгээний багийн зүгээс өгсөн мэдээлэлдээ, “Манай улсад дельта хувилбар хурдацтай тархаж байна. Нийслэлд гэхэд нийт илэрч байгаа сорьцын  30-40 хувь нь дельта хувилбар байгаа бол Баян-Өлгий аймагт 80 хувьд хүрээд байна. Ховд, Завхан гэх саяны амралт зугаалгын үеэр жуулчид ихтэй байсан аймгуудад дельта хурдацтай өндөр хувиар илэрч байна.

Бидний зүгээс иргэд дунд ямар нэг туршилт хийх зорилгоор гуравдагч тунг хүчээр хийлгэ гэж шаардаагүй. Сайн дурын үндсэн дээр гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхийн олон улсын судалгаан дээр үндэслэж гуравдагч тунг хийхээр болсон. Дельта хувилбар нь өөрөө мутацлагдсан хувилбар учраас вакцины хоёрдогч тунгаа хийлгэсэн ч өвчлөх магадлал өндөр. Иймд Израиль улс ч олон улсын судалгаанд үндэслэн иргэддээ гуравдагч тунг хийж эхэлсэн" гэсэн юм. 

Тушаал