Сүүлийн өдрүүдэд орон нутагт бүртгэгдэх коронавируст халдварын тоо нийслэлийг давах болсон. Тодруулбал, саяхан Улаанбаатар хотод 290, орон нутагт 1010 хүнээс халдвар илэрсэн байгаа юм.
Мөн ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр орон нутагт Дельта хувилбар тархсан талаар өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн. Тэрбээр “Орон нутагт өвчлөл буурахгүй байна. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хичээл, сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ шүү. Дельта орон нутагт тархсан байна” гэсэн юм.
Тэгвэл Ховд аймагт коронавирусийн дельта хувилбар илэрсэн байна. Тодруулбал, Ховд аймгаас ХӨСҮТ рүү явуулсан 50 сорьцны 20-иос нь шинжилгээ авахад 11-ээс нь "Дельта" вирус илэрсэн байна. Үлдсэн 30 сорьцын хариу хүлээгдэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Сонирхуулахад, "Дельта" вирус нь илүү хоруу чанартай бөгөөд маш хурдацтай тархдаг. Ялангуяа маш богино хугацаанд хүндэрч, вакцины үр дүнг бууруулж байна гэх олон улсын судалгаа гараад байна.