Өнгөрсөн нэгдүгээр сард “Samsung Electronics” компанийн дэд ерөнхийлөгч, “Samsung” группийн өв залгамжлагч Ли Жэ Ён авлигын хэргээр хоёр жил зургаан сар хоригдох ял авсан билээ. Тэгвэл өчигдөр/2021.08.12/ тэрбээр тэнсэнгээр суллагджээ.
Ли Жэ Ён шоронгоос гарсны дараа “Би гүнээ уучлалт гуйж байна. Би бүх шүүмжлэлийг анхааралтай сонсож байгаа. Цаашид шаргуу ажиллах болно” гэсэн байна.
БНСУ-ын нийслэл Сөүлийн хотын Дээд шүүхээс Ли Жэ Ёнд “Samsung” группийн удирдах эрх мэдлийг авахын тулд эрх баригчдад хахууль өгсөн хэргээр ял оноосон юм.
“Samsung” группийн тэргүүн асан Ли Кун Хи 2020 оны 10 дугаар сарын 25-нд Сөүлийн "Samsung" эмнэлэгт таалал төгссөн билээ. 2014 онд Ли Кун Хиг зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтсэнийх нь дараа корпорацыг хянах эрх үндсэндээ түүний хүү, тус группийн охин компани болох “Samsung Electronics” компанийн дэд ерөнхийлөгч, одоо 52 настай Ли Жэ Ёнд шилжсэн байдаг.
2014 онд Өмнөд Солонгосын Прокурорын газар Ли Жэ Ёныг олон арван охин компани бүхий "Samsung" группт хяналтаа тогтоох зорилгоор хувьцааны луйвар хийсэн, компаниудыг хууль бусаар нэгтгэсэн хэрэгт буруутгажээ. “Samsung”-ийн хэд хэдэн охин компанийг нэгтгэхэд төрөөс дэмжлэг үзүүлснийх нь оронд тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн дотнын найз Чой Сүн Силд 8.9 тэрбум воны /8 орчим сая ам.доллар/ авлига өгсөн байна.
Эх сурвалж: BBC