16 настай Ө.Төгөлдөр: Өөрийн гэсэн жор, өвөрмөц хэв маягтай байхын тулд маш их судалгаа хийж, бэйкеригээ нээсэн

16 настай Ө.Төгөлдөр: Өөрийн гэсэн жор, өвөрмөц хэв маягтай байхын тулд маш их судалгаа хийж, бэйкеригээ нээсэн

Өнөрбаярын Төгөлдөр 16 настай. Багаасаа хоол их дуртай байсан учраас энэ сонирхлоо хөгжүүлсээр нарийн боов, төрөл бүрийн амттан хийж сурсан байна. Өөрийн хийсэн амттангаар гэрийнхнийгээ л дайлдаг байсан бол өнгөрсөн гуравдугаар сард “Буржаакын бэйкири”-г/Burjaak's bakery/ нээж, захиалга авч эхэлжээ. Бэйкери хийх бол түүний хобби. Өсвөр насны хүү өөрийн хоббигоо хөгжүүлэн, мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлж буй нь бахархмаар санагдаж байлаа.

СОНСОХ:

-МИНИЙ ЧАДДАГ, ХИЙГЭЭД СУРЧИХСАН ЗҮЙЛ УЧРААС ЕРӨӨСӨӨ АЙДАС ЭРГЭЛЗЭЭ ТӨРӨӨГҮЙ-

-Сайн уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн. Сайн байна уу. Намайг Өнөрбаярын Төгөлдөр гэдэг. 16 настай. “Эрдмийн Өргөө” цогцолбор сургуульд сурдаг. Энэ намар 11 дүгээр ангид орно.

-Нарийн боов, амттан хийхийг хэрхэн сурч байв. Ээж, эгчээсээ сурсан юм болов уу гэж бодлоо?

-Би айлын том хүү. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Ер нь багаасаа төрөл бүрийн жор туршиж, хоол хийх дуртай хүүхэд байсан. Хийсэн хоолыг маань аав, ээж, дүү нар амтархан идэж байгааг харах дуртай. Хоол хийх сонирхлоо хөгжүүлсээр өөрөө бие даан бэйкери хийж сурсан. Анх ээж, эгч хоёр маань надад “Чиний хийсэн зүйлс ийм гоё амттай юм чинь бусад хүнд ч таалагдах байх. Захиалга авч үзвэл яасан юм” гэдэг санал тавьсан. Тэгээд л өнгөрсөн гуравдугаар сард “Буржаакын бэйкери” пейж хуудсаа нээж, албан ёсоор захиалга авч эхэлсэн.

-Ээж, эгчийнхээ саналыг анх сонсоход ямар санагдсан бэ. Чадах болов уу гэсэн эргэлзээ төрсөн үү?

-Үгүй ээ. Маш зоригтой эхэлсэн. Миний чаддаг, хийгээд сурчихсан зүйл учраас ерөөсөө айдас, эргэлзээ төрөөгүй. Ээж, эгч маань санал тавьснаас хойш хоёр сар гаруй хугацаанд судалгаа хийсэн. Хүн болгонд жор гэж байдаг. Надад ч гэсэн өөрийн гэсэн жор байх ёстой. Хүн болгонтой адил байхыг хүсээгүй. Өөрийн гэсэн жор, өвөрмөц хэв маягтай болохын тулд нэлээдгүй судалгаа хийсэн.

-Одоо хэдэн төрлийн бүтээгдэхүүнийг захиалгад гаргаад байна?

-“Cup cake” буюу аяган бялуу, донатны захиалга авч байгаа. Рулет бас хийдэг. Үйлдвэрийн донатууд амтгүй, дан гурилаар хийсэн юм шиг санагддаг. Тиймээс яагаад донатыг шинэчилж болохгүй гэж бодож, өөрийн гэсэн өвөрмөц амтыг оруулан янз бүрээр туршиж хийж үзсэн. Тэр ч утгаараа донатууд хамгийн их зарагддаг.

-Бүтээгдэхүүн хийх материалуудаа яаж авдаг вэ?

-Өөрөө цуглуулдаг. Ээж бас тусалдаг. Бүтээгдэхүүний гаднах хайрцаг, чимэглэлүүдийг тогтмол нийлүүлдэг газрууд ч байдаг. Ихэвчлэн өөрт аль таалагдсан, чанартай гэсэн материалуудыг сонгож авдаг даа.

-Бүтээгдэхүүний гадаад үзэмжийг бий болгохдоо юунаас санаа авдаг вэ. Эсвэл өөрийн мэдрэмжээр зохиож хийдэг үү?

-Юугаар хийвэл илүү чамин, тэгсэн хэрнээ энгийн, амттай болох вэ гэж толгой дотроо бодчихсон байхад гарт орчихдог. Нэг зүйлээ олон дахин хийгээд байвал илүү туршлагажиж, гарт орчихдог шүү дээ. Яг л тэр хэв маягаараа дахиад хийхэд амт ч тэр, гаднах үзэмж нь ч тэр яг бодсон шиг гоё болдог.

-ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ХИЙСЭН ГЭДГИЙГ НЬ ОНЦЛООД БАЙХААР БАГА ЗЭРЭГ ЭВГҮЙ САНАГДДАГ-

-Анхны захиалга ирэхэд ямар санагдаж байв. Таалагдах болов уу гэж эмээж байв уу?

-Анх огт танихгүй хүн манай пейж хуудас руу “захиалга өгмөөр байна” гэхэд маш их сандарч байсан. Өмнө нь аав, ээжийн найзууд ихэвчлэн захиалж, хийлгэдэг байсан юм. Тэр хүмүүс өмнө нь идэж байсан учраас амтыг нь мэднэ шүү дээ. Харин огт танихгүй хүн бол мэдэхгүй, зөвхөн тэр хүнд л бүх сэтгэлээ гаргаж хийж өгч байсан болохоор их догдолж байсан.

-Үйлчлүүлэгчид хэр сэтгэгдэл хэлж байна. Ямар хандлагаар хүлээж авч байна. Өсвөр насны эрэгтэй хүүхэд донат, бялуу хийж байгаа гэхээр зарим нь их гайхаж хүлээж авдаг байх?
-Тийм. Эрэгтэй хүүхэд хийсэн гэдэг утгаар миний бүтээгдэхүүнүүдийг сонирхож, идэж үзэхийг хүссэн хүмүүс их байдаг. Гэвч миний бэйкери бол энгийн л нэг бэйкери шүү дээ. Гэтэл эрэгтэй хүүхэд хийсэн гэдгийг онцлоод байхаар надад бага зэрэг эвгүй санагддаг.

-Өдрийн хэдэн цагийг бүтээгдэхүүн хийхэд зарцуулж байна?

-Өглөөний 07.00-оос орой 22.00 цаг хүртэл хийдэг. Өглөө эрт босож захиалгын бүтээгдэхүүнээ бэлэн болгоод хүргэлтдээ гарна. Өдөр гэртээ ирээд оройн захиалгаа бэлддэг.

-Өдрийн ихэнх цагийг бэйкери хийхэд зарцуулахаар гэр бүлийнхэн нь яаж хүлээж авч байна?

-Ээж, аав хоёр маань маш их дэмждэг. Үргэлж санаа тавьж, асуудал гарч байна уу, асуудлыг чинь шийдэхэд тусалъя гэдэг. Аав хүргэлт хийхэд, харин ээж маань материалаа сонгоход илүү тусалдаг.

-Аав тань урлагийн хүн гэж байсан. Ямар мэргэжилтэй талаар асууж болох уу?

-Манай аав “The Lemons” хамтлагийн бөмбөрчин. Аавын маань ажил миний үзэл бодол, сонирхолд их их нөлөөлсөн гэж боддог. Амьд хөгжим сонсонгоо бэйкери хийвэл илүү гоё амттай болдог шүү/инээв/.

-Хүргэлтээр явахад хэр байна. Асуудал гарч байна уу?

-Ойрхон газрууд руу алхаж, хол бол дугуйгаар хүргэлтээ хийдэг. Сая хэлсэнчлэн аав маань бас тусалдаг. Дугуйгаар хүргэлт хийх надад маш сонирхолтой санагддаг. Би хотыг танин мэдэх их хүсэлтэй. Нийгмийг хүмүүс их хар бараан гэж хардаг шүү. Харин миний хувьд эсрэгээрээ. Хүргэлтээ хийнгээ хотоор зугаалж, хүмүүсийн нандин мөчүүдийг харах үнэхээр сайхан байдаг.

-Бэйкери хийх чиний нэг хобби байх. Үүнээс өөр юу хийх дуртай вэ?

-Би гудамжны гэрэл зураг дарах их дуртай. Сонирхогч. Гэхдээ цаашдаа гэрэл зураг миний амьдралд том хувь нэмэр оруулна гэдэгт итгэдэг. Бас уул хадаар зугаалах, агаар салхинд гарч гэр бүлийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрөөх дуртай.

-БИ АШИГ ОЛОХ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ӨӨРИЙН ХОББИ,
ЧӨЛӨӨТ ЦАГ ГЭЖ ХАРДАГ-

-Бэйкери хийхийн хамгийн гоё хэсэг нь юу вэ. Чамд хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг хэсэг?

-Хийх үйл явц үнэхээр хэцүү. Бүх зүйлээ жорын дагуу тааруулж хийхгүй л бол огт өөр амттай болчихно. Бас бүхий л бодол санаагаа төвлөрүүлэх шаардлагатай болдог. Өөр зүйл бодох төдийд л хөөлгөгчөө ихдүүлэх, багадуулах тохиолдол гарна. Тиймээс бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй байдаг. Харин жигнээд гаргаж ирэх үнэр хамгийн гоё мэдрэмж төрүүлдэг. Шинэ аяган бялуу, шинэ донатны үнэр маш гоё, нандин санагддаг.  

-Бэйкери хийхдээ юуг хамгийн их анхаардаг вэ?

-Бүх зүйлээ төлөвлөж, бодол санаагаа төвлөрүүлбэл илүү амттай, чанартай, гоё үзэмжтэй амттан гардаг. Хийх үйл явц биш бодол санаагаа төвлөрүүлэх нь чухал юм шиг санагддаг. Хэрэв миний санаанд нийцэхгүй бол худалдаанд гаргадаггүй. Шинээр дахин хийдэг. Би хүссэн амттанаа хийгээд идэхэд мэдээж надад гоё мэдрэмж төрнө шүү дээ. Яг тэр мэдрэмжийг бусад хүмүүст хуваалцахыг хүсдэг.

-Бялуу, донат, нарийн боов хийх чиний хобби байсан бол одоо нэг ёсны бизнес боллоо шүү дээ. Хоббигоо бизнес болгож, хийгээд явахад ямар бэрхшээл, хүндрэл тулгарч байна? 13.56-

-Хөлөө олсон газрууд ашгийн төлөө ажилладаг. Харин би ашиг гэхээсээ илүү өөрийнхөө хобби, чөлөөт цаг гэдэг талаас нь илүү хардаг. Тийм болохоор нэг их бэрхшээл тулгардаггүй ээ.

-Ирэх жил 12 дугаар ангид орох юм байна. Сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Нийгмийн сэтгэл судлал, эсвэл архитектурын чиглэлээр мэргэжил эзэмшинэ гэж бодож байгаа. Архитектур Монголд нэлээн эрэлттэй, бас хэрэгтэй мэргэжил. Улаанбаатар хотын төвд бүх барилгууд нь шавчихсан. Сайн архитектур байвал энэ асуудлыг шийдэж чадна гэж боддог. Харин нийгмийн сэтгэл судлал хүмүүсийн эрүүл мэндэд хэрэгтэй. Би бэртчихлээ гэж эмнэлэгт очихоосоо илүү миний сэтгэл санаа муу байна гэх хүмүүс их байгаа байх. Тэр хүмүүст тусалж чадах учраас нийгмийн сэтгэл судлал надад маш сонирхолтой санагддаг. Алийг нь сонгохоо хараахан шийдээгүй байгаа. Мөн би өөрийн кофе шоп нээхийг хүсдэг. Гэхдээ кофе шоп бол миний мөрөөдлийн тал хэсэг гэж хэлж болно?

-Үе тэнгийнхээ хүүхдүүдээ ямар байгаасай гэж хүсэж байна?

- Инфлүүсерүүд “чи ийм байх ёстой, ингэх ёстой” гэж их хэлдэг. Хүний тархинд нэг зүйлийг хүчээр оруулах гээд байдаг. Инфлүүсерүүдийн үгийг биш өөрийн хүсэл сонирхлыг дагах хэрэгтэй байх. Үнэхээр "аниме" үзэх дуртай бол анимейшн хийх гээд үз. Кино үзэх дуртай бол кино зохиол бичээд үз. Үүнийг хийвэл надад хэр үн дүн өгөх вэ гэж бодох хэрэгтэй. Зүгээр л утсаараа аниме үзэж өдөр хоногийг өнгөрүүлээд байвал ямар ч үр дүнд хүрэхгүй шүү дээ.   

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

-Баярлалаа.