Зуны дэлгэр цагт иргэд, олон нийтийг амрах үеэр төрийн гурван өндөрлөг ч мөн аялж, амардаг уламжлалтай. Албаныхны өгч буй мэдээллээр төрийн гурван өндөрлөг нь нэг аймагт амралтаа давхцуулдаггүй бөгөөд жил бүр өөр, өөр газарт ээлжилж очдог гэдэг.
Энэ жилийн тухайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөлд амарсан бөгөөд түүнтэй хамт УИХ-ын нэлээн олон гишүүн хамт байсан гэх мэдээлэл бий. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 7-ны өдөр болсон Говь-Алтай аймгийн Сутай хайрханы тахилгад оролцоод цааш Ховд, Баян-Өлгий аймгийн нутагт байх Алтай таван богдод очиж амарчээ.
Замдаа Ховд аймгийн Дөргөн нуурын эрэгт саатсан бөгөөд түүнд зориулж Ховд аймгийн Хөгжимт драмын театрын дөрвөн уран бүтээлч урлагийн тоглолт тоглосон гэх мэдээлэл бий.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар хариуд нь өөрийн зүгээс тус театрт фургон автомашины эрхийн бичиг гардуулжээ. Түүнийг хууль хүчний байгууллагын удирдлагуудаас эхлээд цөөнгүй хүн дагаж явсан ч гэх мэдээлэл байгаа юм.
-ТҮҮНИЙГ ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫНХАН ДАГАЖ ЯВСАН УУ-
Ингээд үргэлжлүүлэн Алтайтаван богдыг зорьсон бөгөөд тэнд эгээ л хаан шиг аяглаж дөрөв хоножээ. Баян-Өлгийн ард түмэн зочдыг өргөн баялаг дайлдаг уламжлалтай. Энэ дагуу дайлж, цайлж казах урлагийн номерыг мөн үзүүлжээ.
Харамсалтай нь тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагууд УИХ-ын дарга Г.Занданшатарыг амрах хугацаанд бодлогоор тус нутгийн халх хүнийг дэргэд нь байлгаагүй, ойртуулаагүй гэж буй.
Мөн Баян-өлгийд коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж өдөрт бүртгэгдэх тоо 100 гаруй давж, зургаан хүн нас барж байх үеэр тус аймгийн Засаг дарга Д.Бауыржан УИХ-ын даргыг дагаж дөрвөн хоног “алга” болжээ. Түүнийг эзгүйд аймгийн ажил хаягдаж олон нийт бухимдсан гэх мэдээлэл байгаа юм.
Мөн УИХ-ын гишүүдээс Т.Аубакир байсан бөгөөд УИХ-ын даргын дэргэдээс огт холдолгүй дөрөв хоножээ.
Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг Баян-Өлгийд ажиллах үеэр мөн дэргэдээс нь холдохгүй байж бодлогоор халхуудыг ойртуулаагүй гэдэг. Үүнийхээ хүчинд УИХ-ын гишүүн Х.Баделханы худ н.Танатыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргаар томилуулсан байх гэж нутгийнхан нь ярьдаг. Мөн өөрийн хүргэн З.Азатыг Онцгой байдлын даргаар томилуулсан бөгөөд дээрх хоёр залуу нь мэдлэг боловсрол, туршлага нимгэн нутаг усандаа гологддог гэж буй. Ямартай ч цар тахлын халдварын үеэр хөл, хорионы дэглэм зөрчиж олон хүн бужигнуулж байгаа өндөр албан тушаалтнууд өөрсдөө болж таарч байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ зун амраагүй ажээ.