БШУЯ: Цэцэрлэгийн насны хүүхдүүд ангидаа амны хаалт зүүхгүй

БШУЯ: Цэцэрлэгийн насны хүүхдүүд ангидаа амны хаалт зүүхгүй

Өнөөдөр /2021-08-12/ БШУЯ-наас ирэх хичээлийн шинэ жилийн танхимын сургалт нээгдэх болсонтой холбоотойгоор сургуулийн өмнөх боловсролын асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар,''Сургуулийн өмнөх боловсролын хувьд үе шаттайгаар хичээлээ эхлүүлэх талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг 2-5 насны хүүхдүүд хамгийн эмзэг насныхан байдаг. Мөн тэдгээр хүүхдүүд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй ба улирлын томуунд ихээр өртдөг бүлгийнхэн юм. Тиймээс дөрөв, таван настай хүүхдийн хичээлийг эхний ээлжид оруулахаар тохирлоо. Халдварын өндөр эрсдэлтэй үед хамгийн гол зүйл нь боловсролын байгууллага болон эцэг эхийн хамтын ажиллагаа чухал байна. Мөн цэцэрлэг доторх ариутгал халдваргүйтгэл бүх дэг журмыг боловсролын яамнаас боловсруулаад эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлахаар бэлдэж байгаа.

Энэ хичээлийн шинэ жилд өмнө нь цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийг үргэлжлүүлэн хамруулах юм. Ингэхдээ эцэг эхийн санал хүсэлтэд үндэслэн 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар болсон. Халдварын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа  2-3 настай хүүхдүүдийг хэзээ цэцэрлэгт хамруулахаа шийднэ.

Сургуулийн өмнөх боловсролын хувьд таван настай 77,185 хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулахыг зорьж байна. 

Боловсролын байгууллагуудаас хамгийн түрүүнд бүх цэцэрлэг танхимын сургалтаар хичээлээ эхлүүлнэ. Тухайн цэцэрлэгт ямар нэгэн өвчлөл гарахгүй нөхцөлд танхимын сургалт нь үргэлжлэх боломжтой. Хүүхдэд коронавирусийн тохиолдол илэрсэн, эрсдэлтэй нөхцөл үүсвэл зайн сургалт руу шилжинэ.

Тухайн ангид нэг батлагдсан тохиолдол илэрсэн тохиолдолд 14 хоног зайн сургалт руу шилжинэ. 

Нэг ангид 20 дээр нэмэх, хасах тав гэсэн зохион байгуулалтаар хичээллэнэ. Нэг бүлэгт хамгийн дээд тал нь 25 хүүхэд суралцана. Гурав хүртэлх бүлгээс өвчлөл илэрвэл тухайн хэсгийг 14 хоног хааж, гэх мэтчилэн хэсэгчилсэн зохион байгуулалт хийнэ. Аль болох танхимын сургалтыг бүтнээр нь биш хэсэгчлэн хаана гэсэн үг юм. Цэцэрлэгийн насны хүүхэд ангидаа маск зүүхгүй. Гэр болон цэцэрлэгийн хооронд маск зүүж ирээд, үүдэндээ гараа ариутган халуунаа үзүүлж бүх ариутгалаа хийлгэх ёстой.Иймээс эцэг эхчүүд өөр ямар нэгэн газраар хүүхдээ битгий дагуулж яваарай. Ингэвэл таны хүүхдийн  танхимын сургалтаа үргэлжлүүлэн хамрагдах юм. Эцэг эхчүүд болон багш ажилчид цэцэрлэг, гэрийн орчинд хүүхдийн ам хоолойг тогтмол зайлуулж байх шаардлагатай. Мөн цэцэрлэгийн орчинд хүүхдийн шүдийг угаалгахгүйгээр гэрт нь угаалгаж, заавар өгч ажиллана'' хэмээлээ.