ТАНИЛЦ: Хамгийн их хөрөнгөтэй Засаг дарга нарыг Булганы Б.Ариун-Эрдэнэ тэргүүлжээ

ТАНИЛЦ: Хамгийн их хөрөнгөтэй Засаг дарга нарыг Булганы Б.Ариун-Эрдэнэ тэргүүлжээ

Төрийн өндөр албан тушаалтнууд жил бүр өөрсдийн хөрөнгө оруулгын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх үүрэгтэй байдаг. Энэ үүргийн дагуу төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны ХОМ-ийн хураангуйг өнгөрсөн сард АТГ-аас мэдээлсэн юм. Үүнээс бид ИТХ-аас нэр дэвшүүлсэн 21 аймгийн Засаг дарга нараас хамгийн их хөрөнгөтэй гэгдэх таван дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг онцлон хүргэж байна.

Хөрөнгөөрөө тэргүүлсэн Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн ХОМ-д мэдээлснээр 2020 онд нийт 42 сая төгрөгийн орлоготой байсан бол гэр бүлийн орлого нь 22 сая төгрөг байсан гэжээ.  Харин түүний нийт мал аж ахуйн тооллогоор /5 тэрбум 512 сая/ төгрөгийн дүнтэй дүйцэхүйц хурдан удмын 128 адуу, 338 үхэр, 325 ямаа, 420  хоньтой хэмээн мэдүүлсэн байна. Үүгээрээ хамгийн их хөрөнгөтэй даргаар тэргүүлжээ.

  • Удаахад Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан орж байгаа юм. Түүний 2020 оны нийт орлого нь /нэг тэрбум 387 сая/ байсан ба бусад аймгийн Засаг дарга нараас өөрийн хувийн нийт орлогоор тэргүүлж байгаа юм. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 109 сая төгрөг байжээ.
  • Гуравдугаарт,  Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан түүний мэдүүлснээр өөрийн нийт орлого нь 49 сая төгрөг байсан бол гэр бүлийн орлого нь 595 сая төгрөгийг даваад байна. Мөн түүний хувьд хувийн хоёр тээврийн хэрэгсэлтэй ба энэ нь 292 сая төгрөгтэй дүйцэхүйц гэж үнэлжээ. Мөн амины хоёр, нийтийн гурав, үйлчилгээний зориулалттайн нэг тус тус барилга байгууламжтай бөгөөд энэ нь /1 тэрбум 88 сая/ төгрөгөөр үнэлэгдэж байгаа аж.
  • Дөрөвдүгээрт, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж орж байгаа бөгөөд түүний ХОМ-д мэдүүлснээр 2020 оны нийт орлого 25 сая төгрөг байсан бол гэр бүлийн гишүүдийн орлого 35 сая төгрөг байжээ. Харин нийтийн таван орон сууцтай ба энэ нь 827 сая төгрөгтэй дүйцэхүйц гэжээ. Тэрбээр гурван авто тээврийн хэрэгсэлтэй юм. Мөн 222 сая төгрөгийн дүнтэй дүйцэхүйц мал аж ахуйтай байна. Өмчилсөн гурван газартай бөгөөд хадгаламждаа 395 сая төгрөгийн хуримтлалтай аж.
  • Тавдугаарт, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалын нийт орлого 304 сая төгрөгийг давсан бөгөөд гэр бүлийн гишүүдийн орлого нь 19 сая байгаа юм. Харин нийтийн нэг орон сууцтай бөгөөд зуслангийн нэг байшин болон нэг авто зогсоолтой гэж мэдүүлжээ. Энэ нь мөнгөн дүнгээр 580 сая төгрөг байгаа юм. Тэрбээр 76 сая төгрөгийн хадгаламжтай ба 141 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй гэж мэдүүлсэн байна.

Бид хөрөнгө оруулгын мэдүүлгээр хамгийн их хөрөнгөтэй таван аймгийн Засаг даргын хураангуйг хүргэлээ. Хэрэв төрийн болон нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг албан тушаалтнууд өөрийн эрх мэдэл болоод давуу эрхээ ашиглан авлига, хээл хахууль авсан гэх үндэслэл үүсвэл энэхүү ХОМ-д мэдээлсэн мэдүүлэгчийн орлогын эх үүсвэрийг тандаж, хянах боломж Авилгатай тэмцэх газарт байдаг билээ.