НӨХӨН: О.Цогтгэрэлийн АН-ын материалыг СЕХ хүлээж аваагүй тул тэд “үүдэнд нь орхиод явжээ”

НӨХӨН: О.Цогтгэрэлийн АН-ын материалыг СЕХ хүлээж аваагүй тул тэд “үүдэнд нь орхиод явжээ”

Хэнтий аймаг, Сонгинохайран дүүрэг /УИХ-ын 18, 28 дугаар тойрог/- т ирэх аравдугаар сард УИХ-ын нөхөн сонгууль болно. Иймд энэ долоо хоногт улс төрийн намууд Үндэсний аудитын газарт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хянуулж, нөхөн сонгуульд оролцох эсэхээ Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор уламжилж байна.

Иймд сонгуулийн үйл явцыг дагаад “Аль нь хууль ёсны АН вэ. Хэн нь сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлэх вэ” гэсэн асуулт гарч, АН-ын дотоод зөрчил дахин хурцдаж эхлээд байна.

-О.ЦОГТГЭРЭЛИЙН АН СЕХ-НЫ ҮҮДЭНД МАТЕРИАЛАА ОРХИОД ЯВЖЭЭ-

Тодруулбал, өнгөрөгч Мягмар гараг /2021.08.10/-т О.Цогтгэрэлийн тэргүүлж буй АН-ын хэсэг залуус Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд “нөхөн сонгуульд оролцох тухай” материалаа өгөхөөр очсон байна. Харин тэдний материалыг нь СЕХ хүлээж авахаас татгалзсан аж. Иймд тэд материалаа тус газарт орхиод явжээ. Энэ талаараа тэд мэдээлэл хийхдээ, “МАН-ынхан УИХ-ын нөхөн сонгуульд шударга өрсөлдөхгүй байна. Ардчилсан нам ялж ялагдах нь чухал биш харин шударгаар л сонгуульд өрсөлдөхийг хүсэж байна. С.Эрдэнэ АН-ыг төлөөлөх эрхгүй” гэж мэдэгдсэн. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын мэдээллийн санд АН-ын даргаар С.Эрдэнэ одоог хүртэл бүртгэлтэй байгаа аж. Иймд тус намыг албан ёсны АН гэж СЕХ үзэж байгаа аж. Учир нь С.Эрдэнийн АН-ын даргаар бүртгэлтэй намын “нөхөн сонгуульд оролцох” материалыг СЕХ хүлээж авсан байна.

-УДШ-ИЙН ЦАХИМ САНД АН ДАРГАГҮЙ БАЙНА-

Гэтэл хачирхалтай Улсын дээд шүүх  /УДШ/-ийн “улс төрийн намууд”-ын цахим бүртгэлийн санд АН-ын даргаар хэнийг ч бүртгээгүй байна.

Эх сурвалж: УДШ-ийн цахим мэдээллийн сан

УДШ тайлбартаа, “Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныг /УДШ-ийн 2017.03.15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгэсэн. Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдийн 2020.11.05-ны өдрийн 02/418 дугаар албан бичгээр дэд дарга Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгэсэн. УДШ-ийн 2021.01.14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Тувааныг Ардчилсан нам /АН/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, Ардчилсан нам /АН/-ын даргаар бүртгүүлэх С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалсан” гэжээ. Иймд УДШ АН-ын даргаар бүртгэлгүй С.Эрдэнийн гарын үсгээр тус намыг баталгаажуулж, нөхөн сонгуульд оролцох эрх олгов уу гэсэн асуулт гарч байгаа юм.

-ХЭНТИЙД М.ХҮДЭРБААТАР, СХД-Т Г.ОЧИРБАТ НАРЫГ О.ЦОГТГЭРЭЛ СОЙЖ БАЙСАН УУ-

Тэгвэл АН-аас нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй тус намын гишүүд улс төрийн хүрээнд уулзалт хийж эхэлсэн байна. Тодруулбал, Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Баатархүү, Хэнтий аймгийн засаг дарга асан Ж.Оюунбаатар нар Сонгинохайрхан дүүрэгт УИХ, Засгийн газрын гишүүн асан Л.Гантөмөр, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нар дэвших хүсэлтэй илэрхийлээд байгаа аж. Харин О.Цогтгэрэл Хэнтий аймагт М.Хүдэрбаатар, Сонгинохайрхан дүүрэг Г.Очирбат нарыг дэвшүүлэх гэж байсан бололтой. Учир нь тэд өмнө нь тус тойргуудад нэр дэвшин өрсөлдөж, цөөн тооны саналаар ялагдаж байсан ажээ.