Коронавирусийн цар тахалтай энэ үеүдэд улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдад нэг сая төгрөгийн урамшууллыг шилжүүлж эхэлжээ.
Тодруулбал, нийт эрүүл мэндийн салбарын 13 мянга гаруй эмч, ажилчид халдварын улаан бүсэд ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн долдугаар сард тус бүсэд ажиллаж буй эмч, ажилчид цалингаа нэмүүлэх тайван жагсаалыг зохион байгуулаад байсан юм.
Тэгвэл төрийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан. Ингэснээр эмч, ажилчин тус бүр нэг сая төгрөг олгохоор шийдвэрлэн төсвийн хуваарийн дагуу эхний санхүүжилтээс эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхэлжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн цахим хуудаснаа мэдээлэхдээ "Эрүүл мэндийн яамны зүгээс цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй төрийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа дэмжих зорилгоор 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан. Ингэхдээ тус бүр нэг сая төгрөг олгохоор шийдвэрлэн төсвийн хуваарийн дагуу эхний санхүүжилтээс эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүллээ. Цар тахлын эсрэг, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө үндсэн тусламж үйлчилгээгээ алдагдуулалгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууддаа талархал дахин илэрхийлье" гэсэн байна.

