Уушги орлуулах “ЭКМО” аппаратаас дахин нэгийг авах захиалга өгчээ

Уушги орлуулах “ЭКМО” аппаратаас дахин нэгийг авах захиалга өгчээ

Улсын хэмжээнд уушги орлуулах ECMO буюу ЭКМО аппарат дөрвөн ширхэг байдаг. Тэгвэл дахин нэг аппарат авах захиалга өгөөд байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.  

Тэрбээр "Улсын хэмжээнд амьсгалын аппарат 1087, уушги орлуулагч Экмо гурван ширхэг байна. Экмо аппаратаас дахин нэгийг худалдан авах захиалга өгсөн. Хүчилтөрөгчийн 16 үйлдвэрийг шинээр байгуулж, улсын хэмжээнд 30 орчим хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр ажиллуулж байна. Одоо шинээр 10 үйлдвэр байгуулахаар ажиллаж байна, удахгүй ашиглалтад нэмэлтээр оруулна” гэсэн юм.

Түүнчлэн “Манай улсын нийт хүн амын 59.4 хувь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Манай улс хүн амаа вакцины бүрэн тунд хамруулсан үр дүнгээрээ дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэж байна. 0-17 насын нэг сая 85 мянган хүүхэд байгаагаас 12-17 насны 290 мянгыг вакцинжуулах ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 170 мянган нь вакциндаа хамрагдаад байна. Хүүхдүүдээ вакцинжуулсны үр дүн гарч буй. 12-17 насныхныг вакцинжуулснаар эл насныхны өвчлөл 16-8.6 хувь болж буурсан. Харин вакцинд хамрагдаагүй 5-6 насныхны өвчлөл  31-42 хувь болж нэмэгдээд байна” гэв.