С.Энхболд: Наймдугаар сарын сүүлээр вакцины гурав дахь тунг хийх төлөвлөгөөтэй байна

С.Энхболд: Наймдугаар сарын сүүлээр вакцины гурав дахь тунг хийх төлөвлөгөөтэй байна

Төрийн ордонд Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Ковид-19"-ийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулсан юм.

Энэ үеэр тэрбээр наймдугаар сарын сүүлийн вакцины гурав дахь тунг хийж эхлэх талаар ярьлаа. Тодруулбал, тэрбээр “Манай улс анх тавдугаар сарын эхэнд Япон руу илгээсэн сорьцоос таван хүний сорьцод дельта хувилбар илэрсэн. Эдгээр иргэн нь бүгд гаднаас ирсэн бөгөөд тусгаарлан, эмчилсэн. Сүүлд, долдугаар сарын эхээр илгээсэн сорьцноос долоон хүнд дельта илэрсэн. Дотооддоо дөрвөн хэсэгт мутацийг илрүүлэх шинжилгээг хийж, тандан ажиллаж байгаа. Хилийн хяналтын цэгүүдийг чангатгаж, гаднаас ирсэн хүмүүсээс PCR шинжилгээ авч байна. Энэ сард гаднаас ирсэн 22 хүнээс коронавирусийн халдвар илэрч, бүгдийг нь тусгаарласан.

Цаашдаа гаднаас ирсэн хүмүүсийг шинэ журмаар тусгаарлаж, хянахаар ДЭМБ-ын зөвлөх багтай ажиллана. Хилийн шалган дээрх сорьцыг байнга шинжилнэ. Батлагдсан тохиолдлыг аль болох эмнэлэгт эмчлэхийг зорино. Харин ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлана.

Бүүстер тунгийн судалгааг эрчимтэй хийж байгаа бөгөөд наймдугаар сарын сүүлээс гурав дахь тунгийн тарилгыг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ.