Д.Ганжууржав: Талийгаач вакциндаа хамрагдсан байсан. Дүүгийнхээ нэр төрийг сэргээхийн төлөө явах болно

Д.Ганжууржав: Талийгаач вакциндаа хамрагдсан байсан. Дүүгийнхээ нэр төрийг сэргээхийн төлөө явах болно

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.6-д “Монгол улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэж заасан байдаг.

Гэтэл өнгөрөгч Бямба гарагт /2021.07.03/ коронавирусийн халдвартай 35 настай иргэн Р Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн “Энэрэл” эмнэлгээс тусламж хүсэж очиход “Манай харьяа биш байна” гэснээр анхан шатны тусламж ч авч чадалгүй, тус эмнэлгийн хашаанд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл талийгаачийг өнгөрөгч даваа гараг /2021.07.05/ -т чандарлаж, нутаглуулсан байна.

Харин талийгаачийн төрсөн ах Д.Ганжууржав хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “бид эцэг эхээс гурвуулаа байсан. Миний дүү гэр бүлдээ хайртай хүн байсан. Ямар сайндаа л өөрөө коронвирусийн халдвар авснаа мэдээд өөрийгөө тусгаарлаж, эмчлүүлэхээр явж байхав дээ. Тиймээс дүүгийн эхнэр, охиныг харж хандаж үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө хичээх болно. Хэдийгэээр аавынх нь хайрыг орлож чадахгүй ч мах цусныхаа тасархайг хайраар дутаахгүйг хичээх болно” гэжээ.

Мөн тэрээр, “Дүү минь эрүүл саруул залуу байсан. Цэл залуухан 35 настай хүн байсан шүү дээ. Вакциндаа хамрагдсан байсан. Ядаж эмнэлгийн анхан шатны тусламж авсан бол амьд байж байх байлаа. Үнэхээр их гомдолтой байна. Талийгаач арав хоногийн тур нэвширтлээ архи уудаг хүн биш.

Үхсэн хүн үг хэлдэггүй болохоор ядарсан ардын хүүхдүүдийг яаж ч доромжилж болно гэж зарим нэг хүн бодоод байх шиг байна.

Гэсэн хэдий ч харамсалтайгаар амиа алдсан дүүгийнхээ нэр төрийг сэргээхийн тулд хэлээ хүрэх, хөлөө хүрэх газар хүртэл бид явах болно. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Талийгаач алтны дархан хийнгээ тус байрны зоорийн давхарт амьдардаг. Сүүлийн арван хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэсэн” гэх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсаныг талийгаачийн нэр хүндэд санаатайгаар халдсан үйлдэл гэж бид үзэж байгаа” хэмээжээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө