Бүтэн жилээр хойшилсон Токио-2020 олимпын наадмын нээлт болоход хэдхэн хоног үлдлээ. Учир нь коронавируст халдварын дэгдэлтийн улмаас олимпын наадмыг аюулгүй явуулахын тулд зохион байгуулагчид хатуу дүрэм журам гаргаж, тамирчид, оролцогчдын зорчих хөдөлгөөн, үйлдлийг хязгаарлаж байгаа юм. Гэсэн хэдий ч олимпын хотхонд халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Японы Киодо агентлагийн мэдээлснээр, Сербийн сэлүүрт завины шигшээ багийн тамирчин Милош Васич олимпын наадамд оролцохоор Токио хотод ирснийхээ дараа шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ.
Мөн эх сурвалжийн мэдээлснээр, долдугаар сарын гуравны /2021-07-03/ орой Сербийн шигшээ баг Токиод газардсаны дараа бүх гишүүд нь албан журмаар шинжилгээ өгчээ. Шинжилгээний хариу гарахад Васичийн шинжилгээ эерэг гарсан бөгөөд түүнийг зочид буудалд долоо хоног тусгаарлахаар болсон байна. Сербийн тамирчинд ямар нэг шинж тэмдэг илрээгүй бөгөөд биеийн байдал нь сайн байгаа аж.
Халдвар илэрсэн тамирчин ойрын үед дахин хоёр шинжилгээ өгч, хариу нь дараалан сөрөг гарвал багийн бүрэлдэхүүндээ эргэн орж, Олимпын бэлтгэлээ үргэлжлүүлж болно гэж мэдээлсэн. Мөн Сербийн Олимпын хорооны мэдээлснээр, Токио руу нисэхэс 72 цагийн өмнө шигшээ багийн бүх гишүүд коронавирусийн шинжилгээ өгөхөд бүгд сөрөг гарч байсан гэлээ. Энэ үйл явдлаас шалтгаалж Японы эрх баригчид Токиогийн Олимпын цэнгэлдэхүүдэд үзэгчдийн тоог дахин хязгаарлах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Олимпын нийт арга хэмжээнүүдийн 40 орчим хувь нь үзэгчгүй явагдах аж. Японы Засгийн газар болон олимпийн зохион байгуулах хорооны зүгээс тэмцээний үзэгчдийг нэг цэнгэлдэхэд 10 мянган хүнээр хязгаарлаж байгаа ч коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул энэ шийдвэрийг хэвээр үлдээхэд хэцүү гэж мэдэгдсэн юм.