ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн гуравдугаар сард Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн билээ. Гэхдээ тэрбээр бусад улсын төрийн тэргүүний адил камерын өмнө бус өндөр нууцлалтайгаар, хэвлэлүүдэд хаалттай байдлаар вакцин хийлгэсэн юм.
Тухайн үед тэрбээр “Би Оросод бүртгэгдсэн гурван вакцины нэгийг хийлгэсэн. Харин надаас ямар вакцин хийлгэснийг асуухгүй байхыг хүсч байна. Ямар вакцин хийлгэснийг зөвхөн надад вакцин тарьсан эмч л мэдэж байгаа. Би бусад улсын удирдагч нарыг сармагчин шиг дуурайж камерын өмнө вакцин хийлгэхийг хүсээгүй. Үнэндээ олон нийтийг хуурах амархан шүү дээ. Вакцины оронд өөр шингэн тариулж байгаа үгүйг хэн мэдэх вэ. Мэдээж энэ бол хошигнол. Гэхдээ л өөр ямар нэг витамин ч юм уу тариулах боломжтой шүү дээ” хэмээн ярьж байсан юм.
Тэгвэл өчигдөр/2021.06.30/ В.Путин шууд нэвтрүүлгийн үеэр ямар вакцин хийлгэснээ хэлжээ. Тэрбээр “ОХУ-ын армийн албан хаагчдад “Спутник V” вакциныг хийж байгаа. Армийн Ерөнхий командлагчийн хувьд би тэдэнтэй адил вакциныг хийлгэсэн” гэжээ.
Эх сурвалж: Vesti.ru