ДЭМБ БНХАУ-ыг “хумхаа өвчнөөс ангижирсан” хэмээн зарлаж, гэрчилгээ олгов

ДЭМБ БНХАУ-ыг “хумхаа өвчнөөс ангижирсан” хэмээн зарлаж, гэрчилгээ олгов

БНХАУ-д 1940-өөр оны үед шумуулаар дамжин халдварладаг хумхаа өвчин газар авч, жилд 30 гаруй сая тохиолдол бүртгэгддэг байжээ. Тэгвэл 40 жилийн дараа БНХАУ тус өвчнөөс ангижрсан болохыг ДЭМБ зарлалаа. Тодруулбал, БНХАУ-д хумхаа өвчний нэг ч тохиолдол бүртгэгдэлгүй дөрвөн жил болсон учраас ДЭМБ-аас албан ёсоор гэрчилгээ олгосон байна.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Хятад хумхаа өвчнөөс ангижрахын тулд маш их хүчин чармайлт гаргасныг онцолж, олон арван жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулсны үр дүнд уг амжилтад хүрснийг дурджээ.

Энэ долоо хоногт Хятадын эрх баригч Коммунист нам (ХКН) байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулж буй. Энэ үеэр Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин ДЭМБ-аас олгосон гэрчилгээг "Хятадын хүний эрхийн төлөө хийсэн том амжилт" гэж үнэлж, "ХКН ба Хятадын засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хамгаалахыг эрэмбэлсээр ирсэн" гэжээ.  

Хумхаа өвчин нь шумуулаар хүнээс хүнд дамжин халдварладаг шимэгч хорхойноос үүдэлтэй амь насанд аюултай өвчин юм. Өвчний эхний шинж тэмдгүүд нь халуурах, толгой өвдөх, даарах бөгөөд эмчилгээ хийлгэлгүй удвал үхэлд хүргэх аюултай.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор 2019 онд дэлхий даяар хумхаа өвчний 229 сая тохиолдол бүртгэгдэж, 409 мянган хүн нас баржээ. Нийт халдварын 94 орчим хувь нь Африкт бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: BBC