''Чингис хаан'' музейд дэлгэх хилийн чанадаас ирсэн үзмэрүүдийг Соёлын яаманд хүлээлгэн өглөө

''Чингис хаан'' музейд дэлгэх хилийн чанадаас ирсэн үзмэрүүдийг Соёлын яаманд хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрийн дагуу “Чингис хаан” хаад, язгууртнуудын музей байгуулах ажлын хүрээнд “Гадаадын улс орнуудаас бүрдүүлэх, хуулбарлах эд өлгийн зүйлсийн жагсаалт”-ыг хэрэгжүүлэх ажлыг ГХЯ-тай нэгдсэн удирдлагаар хангаан зохион байгуулж байна. Үүнд хилийн чанадад  хадгалагдаж буй Монголын түүх, өв соёлд холбогдох түүхийн эх сурвалж, архивийн баримт, хөшөө дурсгал, эд өлгийн зүйлсийг судлан тогтоох, эх хувиар болон хуулбарлан авах ажлыг багтаажээ.

Шинэчилсэн жагсаалтын дагуу 12 улсаас 105 дан болон иж бүрдэл үзмэрийг хуулбарлан авах ажлыг ДТГ-уудаар дамжуулан гүйцэтгэж байгаа ба одоогийн байдлаар ОХУ, Польш, ИБУИНХУ, ХБНГУ, Австри, Япон Улсаас нэр бүхий есөн үзмэрийн “А” хуулбар болон дижитал хуулбарыг хүлээн авчээ. ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Сэрээжав эдгээр үзмэрийг Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэнд өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө. 

Музейд гадаадаас үзмэр, эд өлгийн зүйлсийг эх хувиар болон хуулбарлан авах ажлыг 2021 онд багтаан гүйцэтгэх чиглэлээр хоёр яам хамтран ажиллаж байна.

 Эх сурвалж: ГХЯ