Үслэг эдлэл бүхий өвлийн хүрэм үйлдвэрлэлээрээ алдаршсан “Canada Goose” брэнд амьтны үслэг эдлэлээр хувцас хийхээ зогсоохоор болжээ. Тус брэндийн эзэмшигч компани Пүрэв гарагт/2021.06.25/ “энэ оны эцэс гэхэд үйлдвэрлэлд зориулж үслэг эдлэл худалдаж авахаа бүр мөсөн зогсоож, 2022 оны сүүлээс эхлэн амьтны үсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй” гэж мэдэгдсэн байна.
1957 онд Торонто хотод байгуулагдсан “Canada Goose” үслэг эдлэлийн эсрэг хөдөлгөөний бай болсоор ирсэн. Амьтны эрхийг хамгаалах байгууллага “ПETA” /PETA/ тус компанид 15 жилийн турш үслэг эдлэл хэрэглэхээ болихыг уриалж, өнгөрсөн гуравдугаар сард Нью Йорк дахь дэлгүүрийн гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байв.
Уг мэдэгдлийн дараа Канадын байгаль орчны байгууллагууд “Саnada Goose” салбар дотроо маш том манлайллыг үзүүлж чадлаа хэмээн талархаж буйгаа илэрхийлжээ.
Дэлхийн томоохон үйлдвэрлэгчид үслэг эдлэлийн хэрэглээнээс татгалзсаар байна. Энэ нь нөгөө талаар тухайн компанийн нэр хүндийг өсгөж буй явдал юм. Тухайлбал, 2019 оны 10-р сард Macy's (M), Bloomingdale's компаниуд үслэг эдлэл худалдаалахаа зогсоосон. Мөн “Saks Fifth Avenue” өнгөрсөн 4-р сард 2022 оны санхүүгийн жилийг дуустал амьтны үслэг эдлэлийг онлайнаар болон дэлгүүрүүдээр борлуулахгүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
.