ШӨХТГ: Арбидол эмийг 43 мянган төгрөгөөр зарж байсан эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг ЭМЯ-нд хүргүүлсэн

ШӨХТГ: Арбидол эмийг 43 мянган төгрөгөөр зарж байсан эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг ЭМЯ-нд хүргүүлсэн

Коронавирусын эмчилгээнд хэрэглэж буй "Арбидол" эмийн үнийг зохиомлоор өсгөж байгаа гэх асуудалд ШӨХТГ шалгалт хийсэн. Шалгалтын дүнгийн талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрбээр "Ковидтой холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газраас ирсэн хүсэлтийн дагуу ШӨХТГ хамтарсан шалгалт хийлээ. Шалгалтаар "Арбидол" эм 6000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаагүй нь тогтоогдсон. "Ар-Үр", "Мөнхийн тун" гэдэг компанитай хамааралтай 700 гаруй сая төгрөгийн шилэн дансны мэдээлэл олон нийтэд ил болсон байсан. Үүнд хяналт шалгалт хийсэн. "Ар-Үр" компанийн хувьд 18,000 төгрөгөөр зах зээлд шууд нийлүүлэх боломжтойгоо албан ёсоор мэдэгдсэн байгаа. Харин "Монос" фармийн хувьд уг эмийг 20.000 төгрөгөөр оруулж ирээд өөрийн эмийн сангуудад 27.270 төгрөгөөр бусад эмийн сангуудад 31.000 төгрөгөөр нийлүүлж байгаа нь тогтоогдсон.

Цаашдаа Эм, эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газраас эмийн үнийг тогтоож өгөх зайлшгүй шаардлагатай гарч байна. Эм импортлогч компани болон эмийн сангуудад тухайн эмийн дээд үнийг тогтоож өгч байгаа учраас түүнээс дээш гаргахгүйгээр худалдаалахад манай байгууллагаас хяналтыг үргэлжлүүлэн хийнэ.

"Арбидол" эм гурван төрлийнх байна. Арбивир, Арбидол гэдэг эм байна. Энэ хоёр нь нөгөө Арбидолоо бодвол харьцангуй хямд үнэтэй байдаг. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагууд дотор 43.000 төгрөг хүртэл үнээр зарж байгаа эмийн сангууд байна. Эдгээр эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах, лицензээр оруулж ирэх ААН-ийн жагсаалтаас хасуулах саналаа ЭМЯ-нд хүргүүлж байна. Цаашид эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд энэ эмийг оруулах нь зүйтэй" гэв.