Мьянмарын хунта 800 гаруй оршин суугчтай тосгоныг бүхэлд нь галдан шатаажээ

Мьянмарын хунта 800 гаруй оршин суугчтай тосгоныг бүхэлд нь галдан шатаажээ

Өчигдөр/2021.06.16/ Мьянмарын төв хэсэгт орших Кин Ма тосгоны иргэд эрх баригч хунта дэглэмийн цэргүүдтэй мөргөлджээ. Цэргийнхэн тосгоны бараг ихэнх байшинг галдан шатаасан бөгөөд энэ үеэр хоёр ахмад настай иргэн галд өртөж нас барсан байна. Кин Ма тосгон нь 800 орчим оршин суугч, 230 орчим байшинтай. Цэргүүд 200 гаруй байшинг шатаасан аж.

Гэвч уг хэргийг Мьямарын хунта үгүйсгэж байна. Цэргийн мэдлийн MRTV телевизээр энэ талаар мэдээлэхдээ “гал түймрийг террористууд үйлдсэн. Цэргийнхний нэр хүндийг гутаах зорилготой зориудаар ийм ажил төлөвлөн хийж байна” гэжээ.

“Ройтерс” агентлаг галын шалтгааныг бие даан шалгаж чадахгүй байгаагаа мэдэгдэж, Хунтагийн төлөөлөгчөөс тайлбар хүссэн нь хариу өгөөгүй байна.

Гал түймэр орон нутгийн цагаар 21:52 минутад болж, НАСА-гийн хиймэл дагуулын галыг хянах системд хүртэл бүртгэгджээ. Тус систем зөвхөн томоохон хэмжээний түймрийг л бүртгэдэг.

Уг үйл явдлын дараа Мьянмар дахь Их Британийн элчин сайдын яам тветтер хуудастаа “Хунта Магуэй дахь бүхэл бүтэн тосгоныг шатааж, өндөр настай оршин суугчдыг хөнөөсөн нь цэргүүд аймшигт хэрэг үйлдсээр байгааг дахин харууллаа” гэжээ.

Эх сурвалж: CNN