АНЭУ,  Бахрейн улсууд “Синофарм” тариулсан иргэдэд гурав дахь тунгаар “Pfizer” хийлгэхийг санал болгож эхэлжээ

АНЭУ, Бахрейн улсууд “Синофарм” тариулсан иргэдэд гурав дахь тунгаар “Pfizer” хийлгэхийг санал болгож эхэлжээ

Арабын Нэгдсэн Эмират/АНЭУ/ болон Бахрейн улс энэ сарын эхээр БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүст гурав дахь тунгаар “Pfizer” хийлгэхийг санал болгож эхэлжээ.

Персийн булангийн уг орнууд хүн амынхаа дийлэнх хэсгийг БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакцинаар дархлаажуулсан. Гэвч Бахрейн одоо халдварын томоохон давлагаатай “тэмцэж” байгаа бол АНЭУ-д өдөрт бүртгэгдэх халдварын тоо өнгөрсөн нэгдүгээр сараас бараг хоёр дахин их байна. Тиймээс “өдөөгч” гурав дахь тун хийх шаардлагатай гэж үзжээ.

АНЭУ-ын нийслэл Абу Даби хотод “Синофарм”-ын хоёр тунг хийлгэснээс зургаан сарын дараа “Pfizer” вакцин хийлгэх боломжтой. Мөн өөрийн хүсэлтээр өөр вакцины тунг хийлгэхийг зөвшөөрч байгаа аж. Абу Даби хотод өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн “Синофарм” вакциныг олон нийтэд санал болгож эхэлсэн бол дөрөвдүгээр сараас “Pfizer” вакциныг дархлаажуултдаа ашиглаж эхэлсэн.

Бахрейн улсад мөн адил халдварын тохиолдол буурахгүй байна. Өнгөрсөн сард гэхэд өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тоо 3000-д хүрчээ. Энэ нь тус улсад вакцинжуулалт эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин их юм. 

Эх сурвалж: Reuters