“Спутник V” вакцины хоёрдугаар тунгийн нийлүүлэлт хэзээ хийгдэх нь тодорхойгүй байна гэв

“Спутник V” вакцины хоёрдугаар тунгийн нийлүүлэлт хэзээ хийгдэх нь тодорхойгүй байна гэв

Манай улс өнгөрсөн сарын эхээр ОХУ-аас 20 мянган тун "Спутник V" вакциныг хүлээн авсан. Улмаар вакциныг 65-аас дээш настай ахмадуудад хийж эхэлсэн билээ.

Вакцины эхний тунг хийлгэсэн иргэдийн хоёр дахь тунг хийх 21 хоног аль хэдийн өнгөрсөн. Үүнтэй холбоотойгоор иргэд хоёрдугаар тунг хийлгэх хүсэлтийг ЭМЯ-нд ихээр ирүүлж байгаа аж. Тэгвэл вакцины хоёр дахь тунгийн нийлүүлэлт хэзээ хийгдэх талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.

Тэрбээр “Спутник V вакцины хоёрдугаар тунгийн нийлүүлэлт хэзээ хийгдэх нь тодорхойгүй байна. Засгийн газар, Гадаад хэргийн яамнаас нийлүүлэгч талтай зөвшилцөж, яриа хэлэлцээ хийж байгаа. Гэсэн ч ОХУ-ын дотоодод үүссэн нөхцөл байдал, вакцины эрэлт хэрэгцээтэй холбоотой дахин нийлүүлэлт хэзээ хийгдэх эцсийн хариу өгөөгүй байна. 

Вакцин бүтээгч талаас хоёрдугаар тунг 21-90 хоногийн дотор хийлгэх боломжтой бөгөөд хугацаа хойшлох тусам үр дүнтэй гэдэг тайлбарыг өгсөн. Тиймээс иргэд та бүхэн хүлээцтэй байна уу” гэв.