ИРГЭН Б: Хоёр дахь удаагаа коронавирусийн халдвар авчхаад одоо гэртээ тусгаарлагдаж байна

ИРГЭН Б: Хоёр дахь удаагаа коронавирусийн халдвар авчхаад одоо гэртээ тусгаарлагдаж байна

Коронавирусийн халдвар авч, эдгэрсэн хүн дахин халдвар авах уу. Онолын хувьд энэ нь боломжтой тул олон улсын эрдэмтэд аль хэдийн судалгаагаа эхлүүлээд байна. Үүгээр ч зогсохгүй хэд хэдэн оронд нэгэнт эдгэрсэн хүн дахин халдвар авсан тохиолдол цөөнгүй бүртгэгдэж буйг гадаадын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тэгвэл яг ийм асуудалтай тулгарсан иргэн бидэнд хандсан юм.

Тус иргэний хувьд эхний удаа халдвар авч, гэрээр 14 хоногт тусгаарлагдан эмчлүүлсэн байна. Тусгаарлалтын 14 хоногоо дуусган шинжилгээ өгөхөд сөрөг гарсан тул энгийн амьдралдаа буцаж оржээ. Гэвч үүнээс 15 хоногийн дараа дахин шинжилгээ өгөхөд эерэг гарснаар одоо хоёр дахиа тусгаарлагдаж байгаа юм.

-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

-Сайн. Намайг Б гэдэг. Би 23 настай.

-Та хоёр удаа коронавирусийн халдвар авсан гэж байна. Хэд хоногийн зайтай халдвар авсан юм бэ?

-Тийм ээ. Эхний удаа халдвар авахдаа би хоёр ч газар шинжилгээ өгсөн. Хоёуланд нь эерэг гарсан. Ингээд 14 хоног гэрээр өөрийгөө эмчилж, тусгаарлалтын хоногоо дуусгаад дахин шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Гэвч 15 хоногийн дараа дахин эерэг гарч, одоо гэртээ тусгаарлагдаж байна даа.

-Хаана шинжилгээ өгсөн бэ. Баталгаатай газар өгч чадсан уу?

-Хагалгаанд орох шаардлагатай байсан учраас “Номун” гэдэг эмнэлэгт түргэвчилсэн шинжилгээ өгсөн. Гэтэл эерэг гарсан. Гэртээ хоёр хонож байтал ХӨСҮТ-ээс ирж PCR авахад дахин эерэг гарсан.

-Та вакцин хийлгэсэн байсан уу?

-Ямар ч вакцин хийлгээгүй ээ. Одоо эдгэрснээс гурван сарын дараа вакцин хийлгэх боломжтой гэж байсан.

-Эдгэрсний дараа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Үүнээс 15 хоногийн дараа дахин шинжилгээ өгөхөд эерэг гарсан гэж байна. Ер нь эдгэрсний дараа PCR шинжилгээ өгөх хэрэггүй гэдэг зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа. Таны хувьд яагаад шинжилгээ өгсөн юм бэ?

-Би төрөх эмнэлэг орох шаардлагатай болсон юм. Тиймээс дахин PCR өгсөн. Хорооноос бичиг авах ёстой байсан ч авч чадаагүй учраас аргагүйн эрхэнд дахин шинжилгээ өгсөн.

-Хоёр дахь шинжилгээгээ хаана өгсөн бэ?

-ХӨСҮТ-д өгсөн.

-Эхний удаа халдвар авахад тань ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн үү. Гэрээр эмчлүүлсэн гэхээр хөнгөн туссан юм болов уу гэж бодлоо?

-Тийм. Хөнгөн туссан. Шинж тэмдгийн хувьд эхний гурван хоног халуурсан. Үүнээс хойш ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. 14 хоногийн дараа өрх рүүгээ залгаж асуухад “шинж тэмдэг илрэхгүй байвал тусгаарлалтаа дуусгаж болно” гэсэн.

-Одоо та дахин эерэг гарч гэртээ тусгаарлагдаж байна. Ямар нэгэн шинж тэмдэг илэрч байна уу?

-Үгүй ээ. Ямар ч шинж тэмдэг илрэхгүй, энгийн үе шигээ л байгаа. Зарим хүний хэлж байгаагаар ковид тусаад эдгэрсэн хүн гурван сарын хугацаанд дахин эерэг гарах магадлалтай байдаг учраас шинжилгээ өгөх шаардлагагүй гэдэг. Хамгийн хачирхалтай нь би эдгэрснийхээ дараа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан шүү дээ. Ингээд 15 хоногийн дараа дахин шинжилгээ өгөхөд эерэг гарсан учраас л гайхаад байгаа юм. Нөгөө талаар  PCR шинжилгээ үнэн, зөв гардаг юм уу гэж гайхаж байна.

-Та одоо ямар нэгэн эмчилгээ хийж байна уу?  

-Өмнөх удаа ковид тусахад хэрэглэж байсан эм, витаминуудаа ууж байгаа.

-Хоёр дахь удаа халдвар авахдаа хаанаас авсан гэж бодож байна. Танай гэр бүлээс халдвар авсан хүн бий юу?

-Би гэртээ найзтайгаа хамт амьдардаг. Эхний удаа ковид тусахад бид хоёр хамт шинжилгээ өгсөн юм. Гэтэл хоёулаа эерэг гарсан. Ингээд гэртээ хамт тусгаарлагдсан. Яг хаанаас халдвар авсан гэдгээ ерөөсөө мэдэхгүй байна. Ямар нэгэн халдвартай хүний ойрын хавьтал болоогүй.

-Таны дархлаа хэр байсан вэ. Дархлаа тааруу хүмүүст эсрэг бие муу үүсэж, дахин халдвар авах магадлалтай гэж олон улсын хэвлэлүүдэд бичсэн байна лээ?

-Энэ хавар нэлээн ядарчихсан, дархлаа маш муу байсан. Хомхой хоёр ч удаа долоож ер нь муу байсан.

-Эхний удаа халдвар авсны дараа эмчид биеийн байдлаа үзүүлсэн үү. Биед тань ямар нэгэн сөрөг өөрчлөлт гарсан эсэхийг?

-Үгүй ээ. Одоо энэ удаагийн тусгаарлалтаа дуусгаад эмнэлэгт үзүүлэх бодолтой байна. Эхний удаа хөнгөн туссан болохоор эмчид үзүүлэх шаардлагатай гэж бодсон юм.

-Хоёр удаа халдвар авсан гэдгээ өрхийн эмнэлэг, ХӨСҮТ-д мэдэгдсэн үү?

-Мэдэгдсэн. Тоохгүй байна лээ. Эхний удаад ч тэр өрхөөс ерөөсөө холбогдоогүй. Хорооноос л ганц хоёр удаа залгаж биеийн байдал асуусан. Тоодоггүй юм байна лээ.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.