“Их Долоо”-ын удирдагчид ядуу, буурай орнуудад НЭГ ТЭРБУМ вакцин хандивлахаа амлав

“Их Долоо”-ын удирдагчид ядуу, буурай орнуудад НЭГ ТЭРБУМ вакцин хандивлахаа амлав

Хэдэн өдөр үргэлжилсэн “Их Долоо”-ын удирдагчдын уулзалт өчигдөр/2021.06.13/ өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан Тунхаг бичгийг өнөөдөр олон нийтэд зарлах бөгөөд улс орнуудын удирдагчид урьдчилсан байдлаар хэвлэлүүдэд ярилцлага өгөв.

Тэгвэл Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Их Долоо” ядуу, буурай хөгжилтэй орнуудад коронавирусийн эсрэг вакцины нэг тэрбум тунг хандивлахаар болсон талаар мэдэгдлээ. Одоогоор вакциныг ямар орнуудад хандивлах нь тодорхой болоогүй байгаа бөгөөд ДЭМБ, эсвэл “КОВАКС” хөтөлбөрөөр дамжуулан түгээх аж. Мөн шууд тухайн улсад хүлээлгэн өгөх хувилбар ч яригдаж байгаа гэдгийг  Жонсон онцолжээ.

Тэрбээр ярианыхаа төгсгөлд ирэх оны эцэс гэхэд дэлхийн хүн амыг вакцинжуулах зорилт “Их Долоо”-ын хүчин чармайлтын ачаар биелэх болно гэв.

Ташрамд дурьдахад, “Их Долоо” нь АНУ, Герман, Их Британи, Итали, Канад, Франц, Япон гэсэн дэлхийд эдийн засгийн хувьд тэргүүлдэг улсуудаас бүрддэг бүлэг юм. Эдгээр улс нь дэлхийн эдийн засгийн 62 орчим хувийг бүрдүүлдэг. “Их Долоо”-ын төрийн тэргүүн, дээд албан тушаалтнууд жил бүр уулзаж, дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлдог гэж хэлж болно. Цар тахлын улмаас өнгөрсөн жил цахимаар хуралдсан юм.

Эх сурвалж: CNN