Марафон гүйлтэд оролцсон 21 хүн нас барсан хэрэгт холбоотой албан тушаалтнуудад шийтгэл ногдуулжээ

Марафон гүйлтэд оролцсон 21 хүн нас барсан хэрэгт холбоотой албан тушаалтнуудад шийтгэл ногдуулжээ

Өнгөрсөн сард БНХАУ-ын баруун хойд хэсэгт орших Хуанхэ Шилинь уулын 100 км марафон гүйлтэд оролцсон 172 тамирчны  21 нь цаг агаарын эрс тэс өөрчлөлтийн улмаас нас барсан хэрэг гарсан билээ. Тэгвэл уг хэрэгт холбоотой 27 төрийн албан хаагчид арга хэмжээ авсан байна.

Тодруулбал, өндөр эрсдэлтэй спортын уралдааныг ямар ч дүрэм журам, аюулгүй байдлын хамгаалалтгүйгээр зохион байгуулсан хэмээн мужийн даргыг албан тушаалаас нь огцруулжээ. Мөн орон нутгийн захирагч, намын дарга тэргүүтэй 26 хүнд сахилгын шийтгэл ногдуулж, анхааруулга өгсөн байна. 

Үүгээр ч зогсохгүй уралдааныг зохион байгуулсан хувийн компанийн эзэн Жан Сяоян гэх хүнийг саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар орон нутгийн хэвлэлд бичжээ. 

Хэргийн талаар эргэн сануулбал, уулын марафон гүйлт  өнгөрсөн тавдугаар сарын 22-ны өдөр цаг агаар тогтуун, нарлаг байхад эхэлсэн боловч үд дундын үед хүчтэй мөндөр орж, шуурч эхэлсэн юм. 

Улмаар уралдааныг зохион байгуулагчид тэмцээнийг зогсоож, 1200 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг тамирчдыг хайж эхэлсэн байдаг. Шөнө дунд хүртэл үргэлжилсэн эрлийн үр дүнд 152 хүнийг эсэн мэнд олж, тэдгээрийн наймыг эмнэлэгт хүргэсэн бол ням гарагийн өглөө үлдсэн 21 хүн нас барсан байдалтай олдсон. Уг үйл явдлын дараа БНХАУ-д стандарт бус тэмцээн, арга хэмжээнүүдийг түр хугацаагаар хориглох шийдвэр гарсан юм. 

Эх сурвалж: BBC