Археологичид саяхан Израилийн Явне хотод хийсэн малтлагын үеэр ойролцоогоор 1 мянга гаруй жилийн настай тахианы өндөг илрүүлжээ. Уг өндөг нь “нэн ховор” археологийн олдвор гэх ангилалд багтсан байна. Үүгээр ч зогсохгүй өндөг олдсон газраас исламын шашны үеийн гурван ердийн ясан хүүхэлдэй олджээ.
Тухайн газар нутагт хийсэн томоохон малтлагын ажлыг Элие Хаддад, Лиат Надав-Зив, Жон Селигман тэргүүтэй археологичид хийсэн байна. Археологичдын багийн судлаач Перри Галлийн хэлснээр өндөгний ёроол хэсэгт жижигхэн цав үүссэн учраас ихэнх шингэн агууламж нь урссан байсан гэнэ. Гэхдээ бага хэмжээний өндөгний шар үлдсэн учраас ДНК шинжилгээ хийх боломжтой ажээ.
Эх сурвалж: Times of Israel