Дэлхий даяар 174 сая хүн covid-19 халдвар авч 3,7 сая эндсэн. Бүтэн хоёр жилийн хугацаанд хүн төрөлхтөнд чамгүй хохирол учруулсан цар тахлын үүсэл гарлыг олохоор олон орны эрдэмтэн ажиллаж, өөрсдийн таамаг, магадлалуудыг дэвшүүлсээр байна.
АНУ-ын эрдэмтэд шинэ төрлийн коронавирус халдварын эмгэг төрүүлэгч нь байгалийн гаралтай коронавирусд урьд өмнө ажиглагдаж байгаагүй генетикийн ул мөртэй байгааг ажиглажээ.
Иймээс Ковид 19- ийн эмгэг үүсгэгчийг зохиомлоор гарган авсан гэдгийг илтгэж байна гэж АНУ-ын эрдэмтэн Стивен Куэй болон Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор Ричард Мюллер нар үзжээ. Тэд “The Wall Street Journal”-д өчигдөр /2021.06.07/ нийтлэл гаргасан бөгөөд уг нийтлэлд ‘’вирус анх лабораториос алдагдсан байх магадлал маш өндөр бөгөөд цаашид илүү нарийвчилсан судалгаа шинжилгээ хийх шаардлагатай’’ хэмээв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ч Ковид 19 цар тахал хэрхэн тархсан талаар 90 хоногийн хугацаанд олж мэдэх даалгаврыг тагнуулын байгууллагадаа өгсөн билээ.
Харин ДЭМБ-ын шинжээчид энэ оны эхээр Ковид 19 анх дэгдсэн гэгдэж буй Хятадын Ухань хотод очиж судалгаа, шинжилгээ хийхдээ "ковид-19 халдвар лабораториос алдагдсан гэх таамаг магадлал бага, харин амьтнаас хоёрдогч амьтнаар дамжин хүнд халдсан" гэх таамгийг хамгийн өндөр магадлалтай гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: Wall Street Journal