Энэтхэгт болсон хуримын ёслолын үеэр сүйт бүсгүй нас барсан тул төрсөн дүүтэй нь гэрлүүлжээ

Энэтхэгт болсон хуримын ёслолын үеэр сүйт бүсгүй нас барсан тул төрсөн дүүтэй нь гэрлүүлжээ

Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Самаспур тосгонд болсон хуримын ёслолын үеэр сүйт бүсгүй нь зүрхний шигдээсийн улмаас нас баржээ. Гэсэн ч хоёр талын гэр бүл ярилцаж, зөвлөлдсөний эцэст нас барсан эмэгтэйн төрсөн дүүг нөхөртэй нь гэрлүүлсэн байна.

Энэтхэгийн Таймс сонинд бичсэнээр уг үйл явдал тавдугаар сарын 27-ны өдөр болжээ. Сурбхи хэмээх бүсгүй Мангеш Кумар гэх эрэгтэйтэй гэрлэж байсан бөгөөд уламжлалт цэцгийн хэлхээ солилцох үеэр Сурбхи ухаан алдсан байна.

Тосгоны эмч яаралтай ирсэн боловч бүсгүй зүрхний шигдээсээр аль хэдийн нас барсан байжээ. Гэсэн хэдий ч нас барсан Сурбхигийн цогцсыг хажуу өрөөнд оруулан түүний төрсөн дүү Нишаг хүргэнтэй гэрлүүлсэн аж.

Нас барсан Сурбигийн төрсөн ах Саурабх орон нутгийн мэдээний TV9 сувагт ярилцлага өгөхдөө “Нөхцөл байдалд бид юу хийхээ  мэдэхгүй байсан. Хоёр талын гэр бүл яахаа мэдэхгүй сууж байтал хэн нэгэн Нишаг хүргэнтэй гэрлүүлье гэсэн санал тавьсан. Манай гэр бүлийн хувьд маш хэцүү үйл явдал боллоо. Нэг өрөөнд үхсэн дүү маань хэвтэж байхад нөгөө өрөөнд өөр дүү маань гэрлэж байсан” гэжээ.

Нас барсан бүсгүй болон дүү Ниша. Хуримын ёслол эхлэхээс өмнө

Уг үйл явдал нь Энэтхэгт анх удаа болж байгаа хэрэг биш юм. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын эхээр мөн тус мужид сүйт залуу хуримын ёслолыг орхиж зугтсаны дараа сүйт бүсгүй гэрчээр ирсэн залуусын дундаас сонгож гэрлэжээ.

Эх сурвалж: Insider