АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ковид 19-ын эсрэг вакцины нөөцөөсөө 80 сая тунг дэлхийн бусад улс оронтой хуваалцахаар болсноо зарласан билээ. Тэгвэл өчигдөр /2021.06.03/ эхний ээлжийн 25 сая тунг дэлхийн ямар улс орнуудтай хуваалцах төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Тодруулбал, эхний 25 сая тун вакцины 19 сая тунг нь COVAX хөтөлбөрөөр дамжуулан улс орнуудад тараахаар болсон байна.
- Үүний 7 сая тун нь Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад,
- 7 сая нь өмнөд болон зүүн өмнөд Азийн улсуудад,
- 5 сая нь Африк тивийн улсуудад хуваарилагдахаар болжээ.
Мөн 6 сая тун вакциныг өөрийн холбоотон, стратегийн ач холбогдолтой улс орнуудад хуваарилах аж.
Тэдгээр оронд Мексик, Канад, Өмнөд Солонгос, Палестин, Энэтхэг, Украин, Косово, Хайти, Гүрж, Египет, Йордан, Йемен, Ирак багтсан байна. Үүнээс гадна НҮБ-ын тусламжийн ажилтнуудыг энэхүү хөтөлбөрт хамруулахаар болжээ. Түүнчлэн вакцин хүлээж авсан улс орнуудаас АНУ ямар нэг амлалт, болзол шаардахгүй гэдгийг Жо Байден онцоллоо.
АНУ-ын насанд хүрсэн хүн амын 63 хувь вакцины эхний тундаа хамрагдаж, халдварын тохиолдлууд эрс буурсан тул ийнхүү дэлхийн бусад улс орнуудад нийлүүлэх боломжтой болж байгаа юм. Тус улс өөрийн нутагт үйлдвэрлэсэн “AstraZeneca” вакциныг бүгдийг нь экспортолж байгаа бол “Pfizer”, “Moderna” компаниудад бас гадагш экспортлох зөвшөөрөл өгсөн байна. Эдгээр компани АНУ-ын вакцинжуулалт хангалттай хэмжээнд хүрэх хүртэл гадагш экспортлохгүй байх үүрэг хүлээгээд байжээ.
М.Саранцэцэг
Эх сурвалж: Guardian