Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр /2021.04.30/ Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт амаржихаар ирсэн 34 настай Э эмэгтэй нярайн хамтаар эндсэн харамсалтай хэрэг гарсан.
Тухайн өдөр болсон явдлыг товчхон сануулбал, тус эмнэлгийн эмч нар талийгаач эмэгтэйг өөрөөр нь төрүүлж 4.8 кг охин эх барьж авсан байдаг. Гэтэл төрүүлэх явцад хүндрэл гарч эмэгтэй цус алдсан бөгөөд тогтоож чадаагүйн улмаас цусны дутагдалд орж нас барсан гэж тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Түмэнбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн юм.
-ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ: ЦУС АЛДАЛТЫН ЦОЧРОЛООР НАС БАРСАН-
Хамгийн харамсалтай нь эмэгтэйд цус сэлбэх гэтэл хөлдүү байсан гэх. Учир нь цусны банк хариуцдаг хоёр ажилтан эзгүй байж нэг нь ар гэрийн асуудлаар чөлөө авсан байсан бол нөгөөх нь сургалтад суухаар төвд очсон байсан гэж буй юм. Цаашлаад амьд донороос цус сэлбэхээр бэлтгэх явцад эмэгтэй нас барсан байгаа юм.
Үүнээс хоёр хоногийн дараа дахин харамсалтай үйл явдал болж нярай эндсэн бөгөөд сумын төвийн цогцос хадгалах байранд хийх гэтэл стандартын бус хэт халуун газар байсан учир айлын хөргөгч гуйж оршуулах өдөр хүртэл байлгасан гэж ар гэрийнхэн нь хэлсэн юм.
Дээрхээс гадна эх энддэг өдөр эмнэлгийн эмч нар бэлэн байдал хангалтгүйн дээр хугацаа алдаж арга хэмжээ авсан улмаар хариуцлагагүй хандсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх мэдээлэл бий. Тухайлбал, тухайн өдөр эмнэлгийнхэн талийгаачийн ар гэрийнхнээр эмч нарыг нь гэрээс нь зөөлгөж зургаан удаа нааш, цааш явуулсан байгаа юм. Энэ талаар гэрийнхэн нь хэвлэлд ярьж гомдолтой байгаагаа илэрхийлсэн.
Эх, нярай эндсэн асуудалд холбогдох хүмүүс хариуцлага хүлээх ёстой гэж олон нийтийн зүгээс шаардаж буй. Тиймээс Ховд аймгийн Эрүүл мэндийн төвөөс шийдвэр гаргаж Булган сумын нэгдсэн эмнэлгийн эрхлэгч Б.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Мөн бусад хүмүүст хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж буй бололтой. Энэ бол эрүүл мэндийн байгууллагаас ажилтнууддаа авч буй арга хэмжээ. Дээрхээс хүний амь нас хохирсон асуудалд эрүүгийн хэрэг үүсч болзошгүй байгаа юм. Энэ нь шүүх шинжилгээний дүгнэлтээр тодорхой болох бөгөөд хариу гарчээ.
ДҮГНЭЛТ:
- Төрөлтийн үеийн хүчлэгдсэн умайн доод сегментийн бүрэн бус урагдлын улмаас умайгаас цочмог их хэмжээний цус алдаж, цус алдалтын шокоор нас баржээ.
- Ховд аймгийн Булган сумын эмнэлэг талийгаач Э-г хүлээн авсан болон төрөлт удирдсан эмч нар эхийг хянаагүй эх барихын ужиг дурьдатгалтай, хожуу хордлоготой, бүхий кесар мэс заслын заалттай эхийн төрөлтийг буруу удирдаж төрөх замаар хүчлэн төрүүлснээс умай урагдаж цус алдан эх эндэхэд хүргэжээ.
- умайн урагдлыг яаралтай оношилж, мэс засал эмчилгээг шийдвэрлэх арга хэмжээг аваагүй байна.
- Талийгаачийг 2021.04.29-ний өдөр үзүүлэх үед эхийн биеийн байдлыг үнэлж, цаашид авах арга хэмжээг шийдвэрлээгүй байна гэсэн дүгнэлт гарчээ.
Одоо Шүүх шинжилгээний дүгнэлтэд үндэслэн ЭМЯ дахин дүгнэлт хийж шийдвэр гаргах аж. Уг шийдвэрт үндэслэн хуулийн байгууллагаас шийдвэрээ гаргах юм.