Литв рүү нисэх замдаа баривчлагдсан Беларусийн сэтгүүлч А.Лукашенког магтаж, нулимс дуслуулан ярилцлага өгөв

Литв рүү нисэх замдаа баривчлагдсан Беларусийн сэтгүүлч А.Лукашенког магтаж, нулимс дуслуулан ярилцлага өгөв

Тавдугаар сарын 23-ны өдөр  Грекээс Литв улс руу нисэж явсан Ирландын агаарын тээврийн “RyanAir” компанийн нисэх онгоцыг Беларусийн эрх баригчид Минск хотод албадан буулгасан билээ. Тус онгоцонд Беларусийн “Nexta” мэдээллийн агентлагийн эрхлэгч асан Роман Протасевич зорчиж явсан бөгөөд түүнийг баривчлахын тулд онгоцыг саатуулсан юм.

Роман Протасевич бол Беларусийн сөрөг хүчний төлөөлөл бөгөөд эрх баригчдыг зоригтой шүүмжилж чаддаг гэдгээрээ алдартай байв. Тэрбээр эх орноосоо дүрвэж Литвад амьдарч байжээ.

Тэгвэл Роман өчигдөр/2021.06.03/ Беларусийн төрийн мэдлийн телевизэд өгсөн ярилцлагадаа засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулснаа хүлээн зөвшөөрч, Ерөнхийлөгч А.Луканшенког магтжээ.

Тодруулбал, тэрбээр “Би Ерөнхийлөгч Лукашенког үргэлж шүүмжилдэг байсан. Гэвч одоо түүний хийж буй үйлдэл зөв гэдгийг ойлголоо. Би түүнийг хүндэлж байна” гэв. Түүнчлэн ярилцлагын төгсгөлд нулимс дуслуулан хэзээ нэгэн цагт гэрлэж, хүүхэдтэй болно гэж найдаж байгаагаа хэлжээ.

Ярилцлагын дараа түүний аав AFP мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө “Би хүүгээ маш сайн мэднэ. Тэр хэзээ ч ийм зүйл хэлэхгүй. Тэд түүнийг албадан шахаж ийм зүйл яриулсан нь тодорхой байна” гэжээ. Түүнчлэн сөрөг хүчний гишүүд ч Романыг албадан, сүрдүүлсэн нь гарцаагүй гэж мэдэгдээд байна. 

Беларусийн эрх баригчид Роман Протасевичийг баривчлахдаа нисэж явсан онгоцонд нь тэсрэх бөмбөг байж болзошгүй хэмээн “хуурч” Минск хотод албадан буулгасан байдаг. Үүний дараа Европын Холбооны орнууд Беларусийг хурцаар шүүмжилж агаарын тээврийн компаниудыг тус улсын дээгүүр нисэхгүй байхыг уриалсан юм.

Эх сурвалж: BBC