Шри Ланкийн эрэг орчимд химийн бодис тээвэрлэж явсан ачааны хөлөг живж далайн гүнд орсны дараа ойр хавийн бүсдээ экологийн аюул авчрах өндөр магадлалтай байна.
Энэхүү хөлөг нь Сингапур улсад бүртгэлтэй X-PRESS PEARL нэртэй хөлөг онгоц юм. Онгоц бараг хоёр долоо хоногийн турш шатаж байсан бөгөөд энэ долоо хоногт л галыг бүрэн унтраажээ. Гал унтарсны дараа хөлөг живж эхэлсэн бөгөөд хөлгийг аврах ямар ч боломжгүй гэж мэдээлсэн байна. Тиймээс аврагчид далайд алдагдах газрын тос болон химийн бодисыг аль болох далайд бага хохиролтой болгохоор ажиллаж байгаа юм. Гэвч Коломбогийн ойр орчимд салхи ихтэй байгаа нь аврагчдын аврах ажиллагаанд саад болж байгаа аж. Үүний зэрэгцээ, тус улсын загас агнуурын яамаас Негомбо лагуна болон түүний ойр орчмын бүс нутгийг хамгаалахын тулд яаралтай арга хэмжээ авсан бөгөөд Панадурагаас Негомбо хүртэлх бүх загасчлалыг түр зогсоосон гэж мэдэгдлээ.
Шри Ланкийн цагдаа нар мягмар гарагт онгоцны ахмад болон инженерийг 14 цаг гаруй байцаасан бол шүүхээс ахмад, ерөнхий инженер хоёрт хилээр гарахыг хориглосон тушаал гаргасан байна.
Эх сурвалж: BBC