Угандагийн сайд руу гал нээх үеэр охин нь суманд өртөж нас баржээ

Угандагийн сайд руу гал нээх үеэр охин нь суманд өртөж нас баржээ

Угандагийн Засгийн газрын Хөдөлмөр, тээврийн сайд Эдвард Катумба Вамала руу өчигдөр/2021.06.01/ үл таних этгээдүүд гал нээж, энэ үеэр түүний охин Бренда Нантого болон жолооч нь буудуулж нас баржээ.

Халдлага гарах үеэр Эдвард Катумба Вамала өөрийн 26 настай охин Бренда Нантого, бие хамгаалагч, жолоочийн хамт цэргийн бүртгэлтэй автомашинаар Кампала хотын захад байрлах тансаг зэрэглэлийн орон сууцаас гарч явсан байна. Энэ үеэр мотоцикл унасан этгээдүүд тэдэн рүү гал нээж охин, жолооч нь буудуулж, газар дээрээ амьсгал хураажээ. Харин сайд Катумба Вамала бага зэргийн бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн аж.

Тэдний сууж явсан машин

Цагдаагийн алба хаагчдын үзэж буйгаар халдлагыг урьдаас төлөвлөсөн байсан бөгөөд зэвсэгт этгээдүүд Катумба Вамалаг гэрээсээ гарах үеэс дагаж эхэлсэн байна.

Болсон үйл явдалд Угандагийн Ерөнхийлөгч Йовери Мусевени харамсаж буйгаа илэрхийлж, Катумба Вамалатай хоёр удаа утсаар ярьсан талаараа тветтер хуудаснаа бичжээ. Түүнчлэн хэргийг үйлдсэн этгээдүүдийн талаар сэжүүр олсон талаар бичсэн байна.

Катумба Вамала нь 2001-2005 онд Угандагийн Цагдаагийн хүчний даргын албан тушаал хашиж байсан нэгэн юм.

Эдвард Катумба охин Бренда Нантогийн хамт

Тэдний сууж явсан машин руу буудсан сумны мөр

Сайд Катумба халдлагын дараа

Эх сурвалж: CNN