ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Зарим иргэд ФАЙЗЕР вакцин хийлгэхээр дайрч, эмчийн хуурамч магадлагаа үзүүлжээ

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Зарим иргэд ФАЙЗЕР вакцин хийлгэхээр дайрч, эмчийн хуурамч магадлагаа үзүүлжээ

Манай Улс коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтын ажлыг энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс албан ёсоор эхлүүлсэн. Цар тахлын эсрэг тэмцэх хүн төрөлхтний эцсийн бөгөөд хамгийн найдвартай арга бол бүх нийтийн дархлаажуулалт юм. Тиймээс ч Засгийн газраас иргэддээ ОХУ-ын Спутник, БНХАУ-ын Вероселл, Энэтхэгийн Астра Зенека мөн цөөн тооны хүмүүст АНУ-д үйлдвэрлэсэн Файзер вакциныг тарьж, дархлаажуулалтын ажил амжилттай үргэлжилж байна.

-ФАЙЗЕР ВАКЦИНЫГ ӨӨРИЙН АХ, ДҮҮ ХАМААТАН САДАН, НАЙЗ НӨХӨДДӨӨ ТАРЬСАН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР УНТЭ-ИЙН УДИРДЛАГУУД АТГ-Т ШАЛГАГДАЖ БАЙНА -

Одоогоор улсын хэмжээнд нэг сая иргэн дархлаажуулалтын нэгдүгээр тундаа хамрагдсан бөгөөд ирэх долдугаар сарын 01-ны өдөр гэхэд насанд хүрсэн бүх иргэнээ  бүрэн вакцинд хамруулж дуусна гэж холбогдох мэргэжлийн байгууллагаас мэдээлж буй юм. Цаашлаад  файзер вакциныг хүүхдэд хийх зориулалтаар судалж буй бөгөөд тун удалгүй үйлдвэрлэж ДЭМБ-аас зөвшөөрлөө авна гэх мэдээлэл бий. Хэрвээ хүүхдийн вакцин гарвал 12-оос дээш насны хүүхдүүддээ файзер хийнэ гэж холбогдох албаныхан мэдэгдсэн билээ.

Файзер вакцин хийлгэхээр дугаарлаж байгаа иргэд. 2021.05.31

Хамгийн сүүлийн мэдээллээр буюу өнгөрсөн сарын 26-ны өдөр Ковакс хөтөлбөрийн хүрээнд манай улс 100 гаруй мянган тун файзер вакциныг хүлээн авч зорилтот буюу хөхүүл, жирэмсэн архаг суурь өвчтэй хүмүүст энэ өдрүүдэд хийж байна. Үүнээс өмнө гуравдугаар сарын 24-нд файзер вакцинаас 25.740 тунг хүлээн авч эрхтэн шилжүүлэн суулгуулсан болон хорт хавдартай иргэдэд хийсэн.  

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 126.360 тун Файзер вакцин нөөцөд байна гэсэн дүн бий. Үүнийг мөн л зорилтод бүлгийнхэнд хийнэ.

Бид чухам яагаад файзер вакциныг онцлоод буйн учир нь тус вакцины анхны татан авалтын үеэр эрхтэн шилжүүлэн суулгуулсан болон хорт хавдартай иргэдийн өмнүүр улс төрчид, түүний гэр бүлийнхээ хүмүүсийн хамтаар дайрч, хэсэг бүлэг хүмүүст нөлөөлж хийлгүүлсэн байж болзошгүй гэх шүүмжлэл гарсан. Учир нь АНУ-д үйлдвэрлэсэн файзер вакцин хариу үйлдэл бага үзүүлдэг мөртлөө дархлаа өндөр тогтоодог өргөн заалттай гэх мэт сайн чанарынх гэгдэж буй. Тиймээс ч олдоц бага байгаа бөгөөд цөөн тунг татан авч архаг суурь өвчтэй, хүнд өвчтэй, хорт хавдартай, эрхтэн шилжүүлэн суулгуулсан хөхүүл, жирэмсэн ээжүүдэд л хийж буй.

Гэтэл тэдний өмнүүр улс төрчид түүний гэр бүл нэр нөлөө бүхий албан тушаалтнуудад, мөнгөтэй хүмүүс дайрч буй нь ёс зүйн хувьд шүүмжлэхэд хүргэж байгаа юм. Ганц жишээ дурдахад, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нэр бүхий албан тушаалтнууд өөрийн ах дүү, хамаатан садан, хүүхдүүд, найз нөхөддөө файзер вакциныг тарьсан мөн үүнээс үүдэн вакцины тун цох дутсан гэх асуудлаар АТГ-д шалгагдаж буй билээ.

Дархлаажуулалтын явц 2021.05.31

ХӨХҮҮЛ ЭЭЖ БИЧИГ БАРИМТАА ХҮҮХДИЙНХЭЭ ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭТЭЙ АВЧИРНА. ХАРИН БУСАД ХҮМҮҮС ЭМЧИЙН ХАМГИЙН СҮҮЛИЙН МАГАДЛАГАА, ӨВЧНИЙ ТҮҮХЭЭ АВЧИРЧ ФАЙЗЕР ХИЙЛГЭНЭ -

Тиймээс бид өчигдөр /2021.05.31/ файзер вакцинаар дархлаажуулах ажлын явц хэрхэн өрнөж буйг сурвалжиллаа. Өөрөөр хэлбэл, яг зорилтот бүлгийн хүмүүс хамрагдаж чадаж байна уу тэдний өмнүүр бусад нь дайрч байгаа юу гэдэг асуудлыг тодруулахыг зорив. Манай сурвалжлах баг Чингэлтэй дүүргийн “Аврагч” спорт хороонд байрлах дархлаажуулалтын цэгт очиход хашааны гадна талд таваас зургаан хүн дараалалд зогсож байлаа. Хашаан дотор иргэдийг тав, таваар нь оруулж харагдана. Файзер вакцинд хамрагдахаар дараалалд зогсож буй иргэдийн дийлэнхийг настай хүмүүс эзэлж байв. 

Иргэд нэг, нэгээрээ дугаарлан эмчийн магадлагаа, эрүүл мэндийн хяналтын дэвтэр, иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтуудаа үзүүлж байж нэвтрэх ёстой аж.

Үзлэгийн өрөө рүү нэвтрэхдээ тухайн иргэн гэрчлэх бичиг баримтуудаа заавал канондаж хуулбарласан байх шаардлагыг дархлаажуулах цэгийн ажилтнууд шаардаж байв. Дотогш орж вакцинжуулалтын цэгийн ажилтнаас тодруулахад “Иргэд харьяалалын бус цэгт вакцин хийлгэх гэж оролдох,  шаардлага хангаагүй бичиг баримт үзүүлэх, тусгай заалтад хамрагдахгүй хэрнээ Файзер вакцин хийлгэхээр ирэх гэх мэт жижиг зөрчлүүдийг гаргаж байна” гэсэн юм. Мөн хөдөө орон нутгийн иргэд хотоос явахаасаа өмнө хийлгэнэ гэж харьяаллын бус газар дараалалд зогсох нь багагүй хүндрэл үзүүлж байгааг учирлалаа. 

Цаашлаад “Дархлаажуулалтын цэгт нарийн мэргэжлийн бус ерөнхий үзлэгийн эмч нар байрлаж байгаа тул  тусгай заалтад хамрагдах хүмүүс л Файзер вакцинд хамрагдах гэж дараалалд зогсох шаардлагтай байна. ДЭМБ-аас вакцины талаарх судалгаанууд эцэслэгдээгүй байгаа тул жирэмсэн эхчүүдэд аль болох тарихгүй байгаа. Олон жилийн өмнөх өвчний түүх, эмчийн магадлагаагаар вакцин тариулах гэж ирсэн тохиолдол байгаа тул иргэд хамгийн сүүлд үзлэгт орж баталгаажуулсан оношоо үзүүлэх шаардлагатай байна. Мөн хөхүүл эхчүүд хүүхдийнхээ төрсний гэрчилгээг өөрийн иргэний үнэмлэхтэй цуг хуулбарлан авчрах ёстой’’  гэсэн юм.

-ӨДӨР БҮР НӨӨЦ ДУУССАН ГЭХ ШАЛТГААНААР АРХАГ, ХУУЧ ӨВЧТЭЙ ХӨГШИН ХҮМҮҮСИЙГ УДААН ХҮЛЭЭЛГЭСНИЙ ЭЦЭСТ БУЦААЖ БАЙНА-

Засгийн газраас дархлаажуулалтын идэвхийг хурдлуулна гэсэн зорилт тавьсан тул бүх нийтийн амралтын өдрийг үл харгалзан өдөр бүр 09:00-17:00 цагийн хооронд ажил хэвийн явагдана. Тэгэхээр вакцины цэгүүд өнөөдөр ажиллана гэсэн үг. Хаалганы гадаа дугаарлаж буй хүмүүсээс тодруулахад Файзер вакцинд хамрагдахын тулд бүгд дор хаяж нэг цагаас илүү удаан хүлээж буйгаа тайлбарлалаа.

Хүний тоо цөөн ч дотогш орох хугацаа удаашралтай байгаа тул урдуур дайрах гэх мэт үйлдэл их ажиглагдаж байна гэв. Чингэлтэй дүүргийн “Аврагч” спорт хороонд байрлах цэгийн хувьд тавдугаар сарын 30-нд 60, тавдугаар сарын 31-нд 50 орчим хүнд Файзер вакциныг тарьсан байна. 

Биднийг очоод 20 орчим минут болсоны дараа дархлаажуулалтын цэгийн ажилтан “Файзер вакцин дууссан” хэмээн орилоход унтууцсан иргэд гэрийн зүг дурамжхан буцаж байсан юм.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн ахмад настан Н “Спутник V вакциныг 69-р сургууль дээр бүх насны иргэдэд тарина гэсэн зарын дагуу уржигдар очтол дуусчихсан гэсэн хариу сонсоод буцсан. Өнөөдөр /2021.05.31/ “Аврагч” спорт хорооны байранд Файзер вакцин хийлгэх гэж дараалалд зогссон ч өнөөдрийн нөөц дууслаа гээж буцаах гэж байна. Энэ мэт өдөр бүр нөөц дууссан гэсэн шалтгаанаар архаг өвчтэй, хүндэтгэх шалтгаантай иргэдийн эрхийг зөрчөөд байж болохгүй. Төр засаг маань энэ зохион байгуулалтад ахиад анхаарлаа хандуулаачээ’’ гэлээ.