АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2021.05.26/ sars-cov-2 цар тахлын гарал үүслийг гүнзгий судалж, шалгахыг уриаллаа. Тэрбээр Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын Тагнуулын алба коронавирусийн халдварыг амьтнаар дамжин халдсан мөн лабораториос алдагдсан гэсэн хоёр хувилбарт “хуваагдаж” байна.
Гэвч нэгийг нь нөгөөгөөс илүү магадлалтай гэж үнэлэх хангалттай мэдээлэл, нотлох барим алга. Тиймээс коронавирусийн гарал үүслийг судалж 90 хоногийн дараа тайлагнахыг даалгажээ.
Мөн тэрбээр АНУ-ын үндэсний лаборатори хийгээд олон улсын судалгааны байгууллагуудыг уг ажилд туслах шаардлагатайг онцолж БНХАУ-ыг нээлттэй хамран ажиллахыг уриалжээ.
АНУ-ын Тагнуулын төв газраас саяхан танилцуулсан тайланд БНХАУ-ын Ухань хотын вирус судлалын хүрээлэнд олон төрлийн вирусийг хадгалж, туршилт хийж байсан хэд хэдэн судлаач 2019 оны 11 дүгээр сард коронавирусийн халдвараар өвдөж байсан талаар дурдсан. Тус хүрээлэнгийн эрдэмтэд коронавирусийн талаарх судалгааг 2019 оны 12 дугаар сарын 30-ыг хүртэл хийгээгүй гэж мэдээлж байсан юм. Гэвч уг цаг хугацаанаас өмнө эрдэмтэд халдвар авсан баримт гарч ирсэн тул цаашид илүү өргөн хүрээнд судалгаа хийхийг АНУ уриалж байна.
Мөн АНУ-ын Халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Антони Фаучи Цагаан ордонд болсон уулзалтын үеэр сарьсан багваахайд хийх туршилтыг санхүүжүүлэхийг Засгийн газраас шаардаж, "олон эрдэмтэн коронавирусийн халдвар байгалийн жамаар бий болсон гэдэгт итгэлгүй байна" хэмээн мэдэгдсэн нь олон улсын тавцанд маргаан дэгдээгээд байна.
Эх сурвалж: CNBC