ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар зургаадугаар сарын 16-нд Швейцарын Женев хотод дээд хэмжээний уулзалт товлосон талаар хоёр талын албаны эх сурвалжууд мэдээллээ.
Тэд Орос-Америкийн харилцааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хэтийн төлөв, стратегийн тогтвортой байдлын асуудлууд, түүнчлэн олон улсын тулгамдсан асуудлууд, тухайлбал, коронавирусийн цар тахалтай тэмцэх, бүс нутгийн зөрчилдөөнийг зохицуулахад хамтран ажиллах талаар хэлэлцэх юм байна.
Хоёр орны Ерөнхийлөгч нар Байденыг АНУ-ын Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноос хойш анх удаа биечлэн уулзах гэж буй нь энэ юм. Түүнчлэн Оросын удирдагчийн Женевт хийх айлчлал нь 2020 оны нэгдүгээр сард Израил, Палестинд айлчилснаас хойших анхны гадаад айлчлал болно.
Эх сурвалж: TASS