Өнгөрсөн ням гарагт /2021.05.23/ Беларусийн эрх баригчид сөрөг хүчнийхээ сэтгүүлчийг баривчлахын тулд Минск хотын дээгүүр өнгөрч байсан онгоцыг “тэсрэх бөмбөг байж болзошгүй” хэмээн албадан буулгасан хэрэг гарсан. Тэгвэл өчигдөр Брюссельд болсон Европын Холбооны уулзалтын үеэр гишүүн орны удирдагчид Беларусьт хориг арга хэмжээ авахыг гэж дуу нэгтэйгээр зөвшөөрчээ. Тодруулбал, гишүүн 27 орны агаарын тээврийн компаниудад Беларусийн дээгүүр нисэхгүй байхыг уриалж, цаашид эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа амлав. Мөн онгоцыг албадан буулгах шийдвэр гаргахад оролцсон Беларусийн эрх баригчдад хориг арга хэмжээ авах аж.
Беларусийн сэтгүүлч Роман Протасевич Ирландын агаарын тээврийн “Ryanair” онгоцоор Грекээс Литв руу нисэж байсан ч онгоцыг замаас нь албадан зогсоож, түүнийг баривчилсан юм.
Барууны орнууд Беларусийн энэ үйлдлийг ихэд буруутгаж, “нэг ёсондоо онгоцыг хулгайлсан” гэж үзэж түүнийг суллахыг шаардаж байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Беларусийн эрх баригчдын үйлдлийг "хэрцгий явдал" гэж тодорхойлон "Энэ бол хэвлэлийн эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан халдлага” гэжээ.
Роман Протасевичийг саатуулсны дараа цахим сүлжээнд түүний бичлэг цацагдсан бөгөөд тэрбээр яллагдагчаар татагдаж, хэргээ хүлээх болсон тухайгаа ярьжээ. Харин Беларусийн сөрөг хүчний удирдагчид бичлэгийг шүүмжилж, түүнийг хэрэг хүлээхийг шахаж шаардсан байна гэж мэдэгдсэн юм. Мөн сэтгүүлч Протасевичийн гэр бүлийнхэн түүнд хүчээр ял тулгахын тулд эрүүдэн шүүх вий гэдгээс эмээж байгаагаа хэлжээ.
Өдгөө 26 настай Роман Протасевич бол Беларусийн эрх баригчид ялангуяа Ерөнхийлөгч А.Лукашенког зоригтой шүүмжилж чаддаг гэдгээрээ алдартай нэгэн юм.
Эх сурвалж: BBC