Өчигдөр /2021.05.23/ Грекээс Литв улс руу нисэж явсан Ирландын агаарын тээврийн “RyanAir” компанийн нисэх онгоцыг Беларусийн эрх баригчид Минск хотод албадан буулгажээ. Тус онгоцонд Беларусийн “Nexta” мэдээллийн агентлагийн эрхлэгч асан Роман Протасевич зорчиж явсан бөгөөд түүнийг баривчлахын тулд онгоцыг саатуулсан байна. Роман Протасевич бол Беларусийн сөрөг хүчний төлөөлөл бөгөөд эрх баригчдыг зоригтой шүүмжилж чаддаг гэдгээрээ алдартай байв. Тэрбээр эх орноосоо дүрвэж Литвад амьдарч байсан юм.
Онгоцонд 171 хүн зорчиж байсан бөгөөд тухайн үед нисэх багийнханд “Тэсрэх бөмбөг байж болзошгүй” тул хамгийн ойрын нисэх онгоцны буудал буухыг даалгаж, Минск рүү чиглүүлжээ. Улмаар онгоцонд шалгалт хийж, Роман Протасевичийг баривчилсан байна.
Үүний дараа онгоц нислэгээ үргэлжлүүлж орон нутгийн цагаар 21 цаг 25 минутад Литвийн нийслэл Вильнюс хотод төлөвлөгөө ёсоор газарджээ.
Уг үйл явдалд олон улсын эрх баригчид байр сууриа илэрхийлсээр байна. Европын Холбооны улс орнууд ихээхэн “бухимдаж” буйгаа илэрхийлэн, сэтгүүлчийг баривчилсан нь “төрийн терроризм” гэв. Мөн Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб уг үйл явдал "ноцтой үр дагавар" авчирна хэмээжээ.
Today’s hijacking of #Ryanair flight by Lukashenko regime shows that Belarusian airspace is not safe, people’s lives were put at risk and kidnaping of a political opponent took place. Belarusian airspace must be closed for all international flights.
— Edgars Rinkēvičs (@edgarsrinkevics) May 23, 2021
Эх сурвалж: BBC